Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хууль, хяналтын зарим байгууллага төр, нийгмийн аюулгүй байдал, иргэдийн эрхийг зөрчсөн томоохон хэргүүдийг мөрдөн байцаах ажиллагаа, түүнийг хянадаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь хуйвалдааны тогтолцоонд шилжсэн байгааг Ерөнхийлөгч хуулийн төслийн үзэл баримтлалд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдлагууд нь томилсон албан тушаалтандаа үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг болсон хэмээжээ. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ сарын 25-ны хуралдаанаар “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхийлөгчид даалгасан байна. Энэ хүрээнд шүүгч, АТГ-ын дарга, дэд дарга, Улсын ерөнхий прокурор болон түүний орлогчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлдөг байхаар хуулийн төсөлд тусгасан юм.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, “Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш гарч байгаа хамгийн том гажуудал шүүх, прокурорын салбарт ажиглагдаж байна. Ялангуяа эрүүдэн шүүх, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх хэрэг гарах боллоо” хэмээв. Мөн тэрбээр С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг хэзээ нийтэд ил болгохыг тодруулав.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, “Байнгын хорооны хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэх горимын санал гаргасан. Ингээд уг бичлэгийг чуулганы нэгдсэн хуралдаан дээр үзэх хэрэгтэй хэмээн шийдсэн” гэсэн тайлбар хийв. Түүнчлэн Т.Аюурсайхан гишүүн шүүх, хуулийн байгууллагууд хараат бус байх ёстой гэсэн үгийн ард нуугдан, улс төрчдийн халаасанд орсон байдал ажиглагдаж байгаа хэмээн цохон тэмдэглэв.
Энэ үеэр С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэх горимын саналыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гаргав. Мөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн тухай 22 сарын бичлэгийг нууцын зэрэглэлээс гарсан гэдгийг цохон тэмдэглэлээ. Ийнхүү гормын санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд одоо хэлэлцэж буй хуулийн анхны хэлэлцүүлгийг дууссаны дараа Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд гишүүдэд хаалттай дэгээр үзүүлэх боллоо.
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх үед Х.Нямбаатар гишүүн хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-ийн шийдвэрээр чөлөөлөх заалтыг “Сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн гэсэн хангалттай үндэслэлээр ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан тохиолдолд” хэмээн өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Харин чуулганы хуралдааны үеэр гишүүд эрүүдэн шүүсэн гэсэн хангалалттай үндэслэлийг хэн, хэрхэн тогтоохыг тодруулж байлаа.
Х.Нямбаатар гишүүн, “Монгол Улс “Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг конвенц”-д нэгдсэн. Энэ конвенцийн заалтуудын дагуу эрүүдэн шүүсэн гэх үндэслэлийг тогтоох юм” хэмээн тайлбарлав. Гэвч санал хураалтаар олонх Х.Нямбаатар гишүүний саналыг дэмжсэнгүй.
Ийнхүү Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.