Биеийн тамирын багш нар туршлагаа солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-31 12:24:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас “Сайн төлөвлөгөө-Сайн гүйцэтгэл-Амжилт” сэдэвт биеийн тамирын багш нарын  туршлага солилцох зөвлөлдөх уулзалт, олимпиадыг зохион байгуулав. 

Энэ сарын 28-29-ний өдөр Есѳнбулаг сумын хоёрдугаар сургуульд зохион байгуулсан зөвлөгөөнд 35, олимпиадад 28 нийт 63 биеийн тамирын мэргэжлийн багш оролцлоо.

Мөн үеэр сургууль бүрийн биеийн тамирын багш нарын жилийн тѳлѳвлѳгѳѳ, спортын сургалт дасгалжуулалтын буюу секц дугуйлангийн тѳлѳвлѳгѳѳ, сурагчийн бие бялдрын хѳгжил, бэлтгэлжилтийн ахиц амжилт тооцсон судалгааны ажил, орчин үеийн сургалт дасгалжуулалтад ѳргѳн хэрэглэгдэж буй жижиг хэрэглэгдэхүүн ашиглалтын таван минутын бичлэг зэргийн үзэсгэлэн дэлгэж, туршлагаа солилцсон юм.

Тус аймгийн гар бөмбөгийн шигшээ багийн тѳлѳвлѳлт, үр дүн, ахиц амжилт, туршлагаа Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн ОУХМ Ж.Уранчимэг, Уулын спортын тѳлѳвлѳлт, үр дүн, туршлагаа Тонхил сумын биеийн тамирын багш, Сутайн бор клубын дасгалжуулагч СМ Х.Нямдоо, Ерѳнхий боловсролын сургуулийн хичээлийн тѳлѳвлѳлт, туршлагаа Есѳнбулаг сумын 3 дугаар сургуулийн багш СМ С.Наранчимэг, Жүдо бѳхийн сургалт дасгалжуулалтын тѳлѳвлѳлт, үр дүн, туршлагаа Чандмань сумын биеийн тамирын багш СДМ Э.Ёндонжамц, аймгийн хѳлбѳмбѳгийн шигшээ багийн тѳлѳвлѳлт, үр дүн, ололт амжилт, туршлагаа Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн, шигшээ багийн дасгалжуулагч Спортын мастер Л.Хатанбаатар нар танилцуулан мэргэжлийн багш нар асуулт тавьж, хариулт аван хэлэлцүүлэг хийв.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2018-2019 оны хичээлийн жилийн "Биеийн тамирын багш" Улсын тѳрѳлжсѳн олимпиадад нэгдүгээр байр эзэлсэн Есѳнбулаг сумын хоёрдугаар сургуулийн багш Г.Анхбаяр, удаах байр эзэлсэн Алтай сумын ЕБС-ын багш Б.Ууганбаяр, Есѳнбулаг сумын гуравдугаар сургуулийн багш С.Наранчимэг нарт шагнал гардуулав.


Холбоотой мэдээ