Арав гаруй иргэн майхандаа суулт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2019-03-30 21:38:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Гэр хороолол” хөдөлгөөнөөс зохион байгуулж буй суулт өнөөдөр хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. 10 гаруй иргэн майхан босгон суулт хийж байна.

Тэд “Бид нийслэлийн удирдлагуудад хандан гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулъя. Ажилтай, орлоготой болъё” гэдэг л шаардлага тавьж ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гарсангүй. Гэр хорооллыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар утаа униар багасаж, агаарын бохирдол ч буурах боломжтой. Иймээс гэр хорооллыг барилгажуулахад нийслэлийн төсөвт 40 тэрбумыг нь буцаан тавих. Хашааных нь газрыг байрны урьдчилгааны 30 хувьд тооцон авч, иргэдийг хохироохгүй байх” шаардлага тавьж байгаа бөгөөд хотын удирдлага эдгээр шаардлагыг хүлээн автал суултаа үргэлжлүүлнэ" гэв.

"Цагдаагийнхан тайван жагсаал хийхийг хориглосон ч нэлээд эсэргүүцэл болцгоож майхнаа барьсан. Өмнө нь УИХ-ын гишүүд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, суулт зарлахад гэрийг нь бариулж тэр бүү хэл Засгийн газраас цахилгаанаар нь хангаж дэмжлэг үзүүлж байсан. Гэтэл энэ удаад гэр хорооллын иргэд эрх ашгаа хамгаалахаар нэгдэж, жагсаал хийн, суулт зарлах болоход ингэж алагчлан үзэж байгаад эмзэглэж байна" гэдгээ ч тэд илэрхийлж байна. 


Холбоотой мэдээ