Монголын багш нарын VII их хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-01 10:22:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монголын багш нарын VII их хурлыг энэ сарын 11-12-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсэж бий болсноос хойш Монголын багш нарын их хурлыг 6 удаа зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн их хурал нь 23 жилийн дараа болох гэж буйгаараа онцлогтой.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах энэ удаагийн их хурлаар 2005 оноос 11 жилийн тогтолцоонд, 2008 оноос 12 жилийн тогтолцоонд шилжсэн ерөнхий боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн ололт, амжилт, сургамжийг нэгтгэн дүгнэх, Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинд хийсэн шинэчлэлийн хэрэгжилт, багшийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм. Мөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр сүүлийн 16 жилд 3 удаа өөрчлөгдсөний үр дагавар, сургамж, сургалтын хөтөлбөр, сурах бичгийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хууль, эрх зүйн орчны хувьд баталгаажуулах асуудлыг хөндөх аж.

Шинэ цаг үе, нийгмийн шаардлагад нийцсэн монгол хүүхдийн дүр төрх /2030 оны иргэн/, тэднийг бэлтгэх, төлөвшүүлэхэд багшийн үүрэг, оролцоо, боловсролын зорилгыг тодорхойлох, багш бэлтгэх тогтолцооны гажуудал, багш бэлтгэх бодлогын үр ашигтай хувилбарыг хэлэлцэх зорилготой.

Багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангах асуудлаар хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийн биелэлт, багшийн нийгмийн баталгааг нэмэгдүүлэх боломжийг мөн хэлэлцэнэ.

Монголын багш нарын VII их хуралд хот, хөдөөгийн цэцэрлэг, ЕБС, албан бус, насан туршийн боловсрол, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн 47.6 мянган багшийг төлөөлж, 800 багш, удирдах ажилтан оролцоно.

Холбоотой мэдээ