Ноолуурын үнэ өсөхгүй байх гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-22 10:15:39

Малчдын  орлогын эх үүсвэр болох ямааны ноолуур энэ жил төдийлэн үнэд орохгүй нь бололтой. Ноднин жил  нэг кг нь 50-60 орчим мянган төгрөгт хүрч байсан ноолуур энэ жил 40 мянга орчим төгрөг байгаа талаар говийн малчид ярив.

Цаг наашилж яваа ч хүйтний эрч хариагүй байгаа болохоор малчид ямаагаа самнаж эхлээгүй байна. Хахир хүйтнийг зутарч давсан ямааг эрт самнахаар улам турж эцдэг тул малчид яаралгүй  цаг агаар дулаарахыг хүлээж буй.  

Даланжаргалан сумын аймгийн сайн малчин Д.Энхбатынх хүүгийнхтэйгээ нийлээд 400 гаруй ямаа самнах бөгөөд ноолуурын  мөнгөө малчны зээл, хүүхдийн сургалтын төлбөр, хэрэглээний бараа таваарт зарцуулдаг аж.

Малчин Д.Энхбат “Хөдөөгийн малчдын амьжиргаа саяхныг болтол харьцангуй сайн байлаа. Харин улсын эдийн засаг хямарч, мөнгөний ханш унаснаар хөдөөд малын түүхий эдийн үнэ унаж, арьс, мах, шир, ноос, ноолуурынхаа ашиг шимээр амьдралаа залгуулдаг малчин бидэнд хүндээр тусч байна” гэв.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ