Ховд аймгийн ГХБХБГ-ын ажлын хэсэг сумдад ажиллахаар дугуйтай гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-02 14:17:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар \ГХБХБГ\-ын дарга Б.Баярсүхээр  ахлуулсан ажлын хэсэг  өнөөдөр Буянт, Мянгад сумдад ажиллахаар дугуйтай гарлаа.  

Ажлын хэсгийнхэн “Иргэн төвтэй, ил тод ухаалаг газрын харилцаа” зорилтын хүрээнд сумдын газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, газар зохион байгуулалт, газрын кадастрын чиглэлээр орон нутагт хийж байгаа болон энэ онд хийх ажлуудыг хэрэгжүүлэхэд мөрдөгдөж буй салбарын хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг сурталчлан,  цаашид тулгамдаж байгаа асуудлын талаар сумдын удирдлагуудтай уулзаж, харилцан санал солилцох юм.

Энэ хүрээнд тус ажлын хэсэг  90 км замыг дугуйгаар туулна. Уг ажлын үр дүнд сумдын газрын даамлуудын үйл ажиллагааны сайн туршлагыг судлах, олон нийтэд түгээх, зөрчил, дутагдлыг засах зэрэг ач холбогдолтой гэж албаныхан хэллээ.

Нөгөө талаас Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх,  ажилтнуудыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дугуйтай аялал хийж байгаа гэв.


Холбоотой мэдээ