Сурагчаас хураамж авч уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-03 13:13:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын Ё.Баатарбилэг сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах тухай тушаал гаргалаа.


Тушаалд, 2018-2019 оны хичээлийн жилд өмчийн бүх хэлбэрийн ЕБС-ийн 9, 12 дугаар ангийн сурагч, тэдний багш нарыг БСШУСЯ-наас баталсан олон улсын болон дотоодын төрөлжсөн олимпиад, Монголын хүүхдийн спортын VI наадмын зуны төрлийн анхан шатны тэмцээнээс бусад уралдаан, тэмцээнд зохион байгуулалттай оролцуулахгүй байхыг нийслэл, дүүргийн Боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг болгосон байна.


БСШУС-ын сайдын мэдээлж буйгаар багш нар дарга, удирдлагын илтгэл, мэндчилгээ бичих, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дүн гаргах, нийтлэл, захидлын уралдаан шүүх, Улсын төрөлжсөн олимпиадаас өөр төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит олимпиад зохион байгуулах ажилд оролцох, ном, сургалтын материал борлуулах, сонгуулийн хорооны ажлын хэсэгт ажиллах зэрэг давхардсан тоогоор 419 төрлийн ажил нэмж хийдэг байна. Тиймээс цаашид аливаа олимпиад, уралдаан, тэмцээнийг БСШУСЯ-наас батлах журамд нийцүүлэн зохион байгуулж байхаар тушаалд тусгажээ.


Зөвхөн тухайн хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан хүүхдийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, ахмад үе, уламжлалаа хүндэтгэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, хүнлэг тусч зан чанар, харилцааны соёлтой болгох, бие бялдрын хөгжлийг хангахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа, багийн уралдаан, тэмцээн зохион байгуулахыг дэмжинэ гээд эдгээр уралдаан, тэмцээн зохион байгуулахад суралцагчаас хураамж авахыг хориглосон байна.

Холбоотой мэдээ