Нийслэлд 8 сургууль шинээр барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-05 10:01:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын  2019 оны төсөвт батлагдсан нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлын тухай асуудлыг хэлэлцэв.


Монгол Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 30 цэцэрлэг, найман сургууль, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг насан туршийн боловсролын төв, дөрвөн спорт заал нийт 44 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж шинээр барихаар төлөвлөжээ. Харин долоон сургууль, хоёр спорт заал, 21 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нийт 31 сургууль, цэцэрлэгийн барилгыг худалдан авах ажиллагааны эрх нийслэлд шилжин иржээ.

Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх чиглэлээр 2019-2020 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын төслийн дүн мэдээг нэгтгэж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийг байгуулсан байна.

Хотын захирагч С.Амарсайхан, “Сургууль цэцэрлэг барих газрыг чөлөөлөх ажлыг онцгой анхаарч шуурхайлах, барихаар төлөвлөсөн сургууль цэцэрлэгийн барилгын ажилтай дүүргийн дарга нар газар дээр нь очиж танилцан, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзах хэрэгтэй. Цаашдаа орон сууцны томоохон хотхоныг төлөвлөхдөө сургууль, цэцэрлэггүй бол зөвшөөрөл олгох ёсгүй. Холбогдох газар хэлтсийн дарга нар нэг байранд атлаа ажлаа нэгтгэж чадахгүй, бие бие рүүгээ албан бичиг шидэлж, ажил гацаадгийг болих ёстой” гэв.

Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийг оновчтой тогтоох, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын асуудлыг шийдвэрлэж хэрэгжүүлэхийг нийслэл, дүүргийн удирдлагуудад чиглэл болголоо.  

 

Холбоотой мэдээ