Эзэнтэй нохдыг бүртгэлжүүлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-06 11:13:04

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв Улиастай суманд золбин нохойн тооллогыг зургаан хэсэгт замналын аргаар тоолж, нохойд уруулах эрсдэлийг тооцон гаргажээ.

Судалгааг аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс хоёр дахь жилдээ Улиастай сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулжээ.  

Судалгааг нийт зургаан хэсэгт хийхэд нохой таарах магадлал 203 удаа, давхардсан тоогоор эзэнтэй нохойтой 184, золбин нохойтой 170 удаа тус тус тааралдах магадлалтай байна. Мөн энэ тооллогын үед золбин нохойтой ойр байсан хүн давхардсан тоогоор насанд хүрэгч 321, хүүхэд 307 буюу нохойд уруулах магадлал нь Улиастай сумын хэмжээнд нэг хүнийг 60 хувийн магадлалтай гэж гаргажээ.

Аймгийн төв Улиастай сумын хэмжээнд эзэнтэй, золбин нохойтой таарах магадлал 60 гаруй хувь, золбин нохойтой таарах магадлал 47 хувь байна. Харин нохойд уруулах эрсдэлээр насанд хүрэгч 55 хувь, хүүхэд 37 хувьтай байна. Харин нохойд уруулах эрсдэл хамгийн их байгаа хэсэг нь аймгийн төвийн захын хороолол буюу Шинэ хорооны хэсэг байгаа бол эрсдэл бага байгаа хэсэг нь төвийн хэсэг байна. Нийт 203 удаагийн тохиолдлыг цагаар нь авч үзэхэд өглөөний 08.40-09.00 хооронд хамгийн их буюу 98 тохиолдол нь дээрх цагт бүртгэгдсэн байна. Тиймээс иргэдийг нохойгоо хашаанаасаа гаргахгүй байнгын уяатай байлгах, харин золбин нохойн устгалыг улиралд нэг удаа хийж байх, эзэнтэй нохдыг бүртгэлжүүлэх, сул тавьсан тохиолдолд эзэнд нь хариуцлага тооцож байх хэрэгтэй хэмээн аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.

Холбоотой мэдээ