Халх гол сумын төвийг шинэчилж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-04-08 13:27:45

Дорнод /МОНЦАМЭ/. Халх гол сумын төв шинээр сүндэрлэж байна. Ирэх намар тохиох Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг угтаж, хойд хөршөөс найман сая еврогийн дэмжлэг үзүүлснээр ийнхүү “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд төрийн бүх үйлчилгээг нэг дороос үзүүлэх Нутгийн удирдлагын ордон, 240 хүний суудалтай Соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхэд хичээллэх сургууль, дотуур байр, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулна. Мөн төв талбай, усан оргилуур, спорт танхим, хөлбөмбөгийн талбай, авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн зэргийг ч бүтээн байгуулахаар төлөвлөжээ. Одоогоор бүх барилгын суурийн цутгалт дууссан, давхрын цутгалт удахгүй эхэлнэ гэж Халх гол сумаас мэдээлэв.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Их модун” компани, ерөнхий туслан гүйцэтгэгчээр ЗХЖШ-ын харьяа цэргийн таван анги нэгтгэлийн 200 алба хаагч, Улаанбаатар хот, нутгийн иргэдээс бүрдсэн 150-иад хүний бүрэлдэхүүн ажиллаж байна.

Давхрын цутгалтын ажил дуусмагц барилгын цэргийн анги болон МСҮТ-ийн оюутнууд нэмэгдэн ирж, дотоод заслыг хийж гүйцэтгэх юм.  

Холбоотой мэдээ