Түймрийг бүрэн унтраажээ

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-04-08 14:51:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ энэ сарын 3-нд гарсан хээрийн түймрийн дуудлага иржээ.


Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэй ажиллаж түймрийг энэ сарын 4-ний өдрийн 00:03 цагт цурманд оруулан 6-ны өдөр бүрэн унтрааж, тус багийн байгаль хамгаалагчид хүлээлгэж өгчээ. Түймэрт нийт 12 га орчим бэлчээрийн талбай шатсан байна.

 

Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 836-837 дугаар тэмдэгтийн чиглэлээр энэ сарын 4-ний өдрийн 16:35 цагт ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж ирсэн тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0275 дугаар анги, сумын ЗДТГ-ын нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж, энэ сарын 5-ны өдрийн 09:15 цагт бүрэн унтраагаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ