Төв талбайгаас “урваагүй” 18 жил

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-04-09 11:48:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэлийн төв талбайд гутал тосолдог энэ хүнийг А.Батжаргал гэдэг. Зөвхөн энэ л ажлаараа тэрбээр 70 хүрч яваа ээж, дөрвөн дүүгээ тэжээдэг аж.


Эдүгээ 42 настай тэрбээр “Монгол орноо мандуулъя” хэмээх бичиг бүхий байшингийн буланд өвлийн тасхийм хүйтэн, зуны  лугхийм халууныг үл тоон 18 жил хөдөлмөрлөж байна.  


Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас эхлээд төрийн өндөрлөгүүдийн гутлыг тосолж байснаа А.Батжаргал дурсаад, “Одоо МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас эхлээд олон хүн надаар үйлчлүүлдэг. Хажууханд байрлах Улаанбаатар банкны зарим хүмүүс ч миний байнгын үйлчлүүлэгч” хэмээн бахархан ярив.


Нэг гутлыг 2000 төгрөгөөр тосолдог бөгөөд Орбитоос өглөө 08.00 цагт ажилдаа ирж, 20.00 цагт ажлаасаа буудаг. Өдөрт 16-20 мянган төгрөг олдог гэнэ. Тэрбээр, “Дөрвөн дүү минь Зайсангийн сургуульд сурдаг. Би уул нь халамжид хамрагддаг ч дүү нар миний өмнөөс аваад хичээл, сургуульдаа зарцуулчихдаг болохоор яг хэдэн төгрөг авдгаа сайн мэдэхгүй” хэмээн хуучиллаа.


Харин түүний нэг ах нь ОХУ-д ажилладаг бол бусад дөрөв нь барилгын дотор заслын ажил хийдэг байна. Ах нартайгаа хамт барилга дээр ажиллахыг хүсдэг ч гар, хөлөө гэмтээсэн тул хүнд ажил хийж чаддаггүй аж.

Холбоотой мэдээ