ШУА-ийн Хүрээлэн дундын кабинет эмчилгээ, оношилгооны багаж хэрэгсэлтэй болов

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-03-22 15:15:09

Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос Хими, химийн технологийн хүрээлэнд байрлах ШУА-ийн хүрээлэн дундын бага эмчийн кабинетад эмчилгээний багаж хэрэгсэл, эд материал хүлээлгэн өглөө.

 Тус кабинет нь 1986 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Офицеруудын ордны урд байрлах хүрээлэн, төвийн 700 орчим хүнд УВЧ шарлага, электрофорез, соллюкс шарлага, утлага, парапин эмчилгээ, гулгуур бумба, давсан зам дээр явуулах, зөгийн балтай татлага, тариа дусал хийх, идэвхтэй хөдөлгөөн, цөс угаах, аарцаг нурууны бариа засал, хүчилтөрөгчийн коктель уулгах зэрэг тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.

Энэ кабинетийн эмчилгээ үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамжийг сайжруулах зорилгоор Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос санаачлан Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Физик, технологийн хүрээлэнгийн Үйлдвэрчний эвлэл хороо зэрэг байгууллага хамтран 467 мянган төгрөгийн үнэ бүхий даралт хэмжигч аппарат, аюулгүйн хайрцаг, гар ариутгагч, бумба, цаг, пульсоксиметр зэрэг тус кабинетад нэн шаардлагатай эмчилгээ оношилгооны тоног хэрэгсэл, эд материалыг хүлээлгэн өгөв. Ингэснээр уг кабинетийн эмчилгээ үйлчилгээний нэр төрөл, чанар эрс дээшлэх юм.

2015 оны байдлаар тус кабинет өдөрт дунджаар 23, жилд 6065 хүнд давхардсан тоогоор үйлчилжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ