Японд мэргэшсэн 21 залуу эх орондоо ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2019-04-10 09:56:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр /2019.04.09/ Туушин зочид буудалд “1000 инженер-Ажлын байр” сэдэвт өдөрлөг болж, Японд мэргэжил эзэмшсэн 21 залуу эх орондоо мэргэжлээрээ ажиллах ажлын байртай болов.


Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ хооронд МОН-Р11 тоот зээлийн хэлэлцээрийн дагуу БСШУСЯ-наас “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.  Тус өдөрлөг Монголдоо чадварлаг инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх зорилготой бөгөөд Япон улсын Засгийн газартай хамтран уг төслийн хүрээнд Япон улсад суралцсан анхны 21 төгсөгчийг хүлээн авах ёслол болов.


“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэн сайжруулах зорилгын хүрээнд Япон улсад 1000 орчим хүнийг инженерийн чиглэлээр сургахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.


Уг төслийн Коосэн сургалтын хөтөлбөрт Японд цахилгаан, мэдээлэл технологи, барилга механикийн чиглэлээр 3 жил суралцсан эхний ээлжийн төгсөгчид энэ оны 3 дугаар сард амжилттай суралцаад ийнхүү эх орондоо ирээд байгаа аж.


Төсөл хэрэгжүүлэх нэгжийн болон төслийн зөвлөх АзиаСийд ашгийн бус байгууллагын хамт олон өнгөрсөн сарын 25-наас дөрөвдүгээр сарын 2-нд томоохон компаниудад очиж уулзан төгсөгчдийнхөө талаар мэдээлэл өгч танилцуулсан байна. Уулзалтын дүнд Алт корпораци /МАК/, Говь ХК, АПУ ХК, Таван богд групп, Мобиком корпораци, Гоёо ХХК, ШУТИС-ийн Коосэн сургууль зэрэг байгууллага төгсөгчдийг хүлээн авч уулзан ажлын санал ирүүлжээ. Төгсөгчид уг  өдөрлөгөөр хүссэн компани, байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах сонголтоо хийж байгаа аж. 


Энэхүү өдөрлөгөөр Монголын мэдээлэл технологи, харилцаа холбооны ууган байгууллага Мобиком корпорацид ажиллах урилгыг уг хөтөлбөрийн төгсөгчид болох Б.Цэнд-Аюуш, Э.Төгөлдөр нарт Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада гардуулсан юм.


Энэ үеэр “Би Мобиком Корпорацийн Мэдээллийн бааз хариуцсан сүлжээний инженерээр ажиллах урилга аваад их баяртай байна. Тус байгууллагыг мэдээлэл харилцаа холбооны салбартаа ямагт шинэчлэл хийдэг, тэргүүлэгч компани гэж ойлгодог. Энэ компанийн чадварлаг хамт олны эгнээнд багтсандаа сэтгэл хангалуун урамтай байна. Япон улсад сурч мэдсэн мэдлэгээ ашиглахын зэрэгцээ Монголынхоо чадварлаг инженерүүдийн заавар зөвлөгөөг авч хичээж ажиллана" хэмээн Японы Санда хотын Технологийн коллежийг мэдээлэл, харилцаа холбооны инженер мэргэжлээр төгсөгч Б.Цэнд-Аюуш ярьсан бол, тус корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада: “Би хэдэн сарын өмнө ШУТИС-ийн Коосэн сургуулийн анхны загвар ангийн багш нар, сургалтын хөтөлбөртэй танилцсан. Анги танхим, сургалтын орчин, соёл зэрэг нь Японы сургалтын хөтөлбөрийг санагдуулж байсан. Энэ бол Японы сайн чанарын сургалтын агуулгыг Монголын сурагч, оюутнуудад хүргэж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой хэмээн онцолж байв.


Тэрбээр, “Мобиком корпорацийн хамт олонтой нэгдэхэд хэд хэдэн давуу тал бий. Манай үйл ажиллагаа борлуулалт, стратеги төлөвлөлт, хөгжүүлэлт, инженер, хэрэглэгчийн үйлчилгээ гэх мэт өргөн хүрээтэй гэдгийг мэдэх хүн олон байх. Манайд шинэ ажилтан орж ирээд олон талт туршлагыг нэг дор хуримтлуулах боломжтой бөгөөд тухайн ажилтанд хөврөх боломжийг үргэлж олгодог. Жишээ нь борлуулалтын хэлтэст ажиллаж байсан ажилтан стратеги төлөвлөлт эсвэл санхүүгийн хэлтэст өсч дэвжээд ажиллах  боломж нээлттэй. Өнөөдөр Мобиком корпорацийн шилдэг таван ажилтан Япон улсын мэдээлэл технологи, харилцаа холбооны үндэстэн дамнасан корпораци болох KDDI Group-т ажиллаж байна” гэлээ.


Дашрамд дуулгахад, Төслийн Коосэн хөтөлбөрт хамрагдсан оюутнууд ШУТИС-ийн Коосэн бэлтгэл хөтөлбөрт 1,5 жил суралцаад шилжин суралцах шалгалтад тэнцвэл Японы Коосэн сургуульд 3 жил суралцан төгсөж техник технологиор мэргэшсэн онол дадлага хосолсон туршлагатай мэргэжилтэн болох онцлог давуу талтай. Тэд коллежийн дипломтой төгсдөг.


Энэ өдөрлөгийн үеэр ШУТИС-ийн захирал Б.Очирбат төгсөгчдөд үргэлжлүүлэн суралцах урилга гардуулсан юм. Урилгыг авсан төгсөгчид 1 жил ШУТИС-д суралцаад Бакалаврын дипломтой болно. Төслийн Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд Япон улсад иенийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 100 хувийн тэтгэлэгтэй суралцаад төгсөж ирээд эх орондоо 5 жил тасралтгүй ажилласан тохиолдолд зээл нь тэтгэлэг болох боломжтой юм байна.


Өндөр хөгжилтэй оронд сурч мэдсэн мэргэжлээ эх орныхоо хөгжил дэвшилд зориулахыг төсөл хэрэгжүүлэх нэгжээс төгсөгчдөд зөвлөж, ажлын байранд зуучлах уг ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүнийг цаашид жил бүр уламжлал болгох юм.

Холбоотой мэдээ