Хамарын хийд орчмын газрыг 30 жилээр дахин орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-04-11 16:19:35

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 08-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн хэмжээнд хугацаа нь дуусч байгаа 13, кадастрын бүртгэлийн системд бүртгэгдээгүй 13, шинээр нэг, нийт 27 газрыг 30 жилээр аймгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа.

Даланжаргалан сумын Далантүрүүгийн рашаан, Иххэт сумын Дунд, баруун мандал уул, Сайншанд сумын Хамарын хийд, Хашаатын говь, Ханбаян зүрх хайрхан уул, Зоогийн хоолой, Улаанбадрах сумын Хар заг, Аргалант уул, Тахиат уул, Өвөр цайдмын тойром, Хоньч, Харангад уул, Эрдэнэ сумын Дулааны заган ой гэх 13 газрын тусгай хамгаалалтад байх хугацаа энэ оны долдугаар сарын 30-нд дуусч байгаа тул хугацааг нь дахин сунгасан байна.

Харин аймгийн тусгай хамгаалалтад авсан боловч Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд бүртгэгдээгүй Хатанбулаг сумын Сулин хээр орчмын газар, Хүрээтийн сухай, Монголын хад, Хөвсгөл, Улаанбадрах сумын нутагт орших Шувуун шанд, Улаанбадрах сумын Цагаан овооны тал, Түймэртийн тал, Мандах сумын Цагаан цав, Иххэт сумын Их бага, эрээний уул, Хатанбулаг сумын Хатны булаг, Алтанширээгийн Сайн ус, Хатанбулаг сумын Толийн булаг, Мандах сумын Өлгий хийд, Иххэт сумын Даргиатын булаг зэрэг 13 газрыг дахин тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргав.

Учир нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн санг сум, аймгийн түвшинд нэгтгэж, цаашлаад мэдээллийн санг БОАЖЯ, АМХЭГ, ГЗБГЗЗГ-ын мэдээллийн сантай нэгтгэн мэдээллийн зөрчлийг арилгах шаардлага гарсан бөгөөд энэ чиглэлээр Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй талаар аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хурлын үеэр мэдээлсэн юм.

Мөн дээрх газрууд нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн давтагдашгүй сонин тогтоцтой, ховор ан амьтан болоод түүх, өв соёлын үнэт зүйлсийг агуулсан тул говийн эко системийг хадгалах, байгалийн болоод түүхийн дурсгалт газрыг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх шаардлага байгааг албаныхан онцолсон.



Тухайлбал говийн тавдугаар ноён хутагт Лувсанданзанравжаагийн бүтээлээ туурвиж, соён гэгээрүүлж явсан Хамарын хийд, Шамбалын орон, энергийн төвийн орчмын газрын орон нутгийн тусгай хамгаалалтад байх хугацаа энэ оны долдугаар сарын 30-нд дуусах тул ийн дахин 30 жилээр сунгаж хамгаалалтад авахаар болсон байна. Энэ бүс нутагт  БНХАУ-ын хөрөнгө оруулалттай  "Дабл ью Эс Жи Эл" ХХК өнгөрсөн нэгдүгээр сард нүүрс олборлохоор машин техникээ зэхээд байхад нь үйл ажиллагааг нь зогсоосон юм.

“Даблью Эс Жи Эл” ХХК нь ашиглалтын зөвшөөрөлтэй ч орон нутгийн удирдлагатай уулзалгүй, хуулийн дагуу техник эдийн засгийн үндэслэл боловсруулж холбогдох байгууллагаар батлуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй төдийгүй орон нутгийн иргэдээр хэлэлцүүлж саналыг нь аваагүй байсан.

Мөн Хатанбулаг сумын Хатны булгийн ойролцоох газар Их Монгол Улсын түүхэн он жилүүдийн үетэй холбогдож байгаа тухай эрдэмтдийн судалгааны дүн эхнээсээ гарчээ.

Судалгаагаар Хатанбулаг сумын Хатны булаг орчим хэрэгжүүлсэн “Хатны булгийн нууц” төслийн үр дүнд археологи, угсаатны зүйн чиглэлийн сонирхолтой олдвор олдсоныг МУБИС-ийн түүхийн тэнхимийн багш доктор Б.Баатархүү илтгэлдээ дурдсан байна.

Хатны булаг орчимд Мин Улсын үед хийгдсэн хөх цагаан шаазан, дээрээ бичиг бүхий хүрэл толь зэрэг ховор олдвор нь судалгааны он цагаар Монголын эзэнт гүрний улс төрийн бутралын үетэй давхцаж буй бөгөөд Монголын төрийг удирдаж байсан хүчирхэг хатан Мандухайн үйл ажиллагаатай холбогдож буйг тогтоожээ. Тиймээс энэ бүс нутгийг аялал жуулчлалаар хөгжүүлэх боломж байгаа аж.

Энэ мэтээр байгалийн болоод түүхийн хосгүй үнэт зүйлсийг агуулсан газар нутгийг хамгаалалт авах нь байгаль орчныг хамгаалах төдийгүй хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой аж. Орон нутгаас уул уурхайг хаах бус, эсэргүүцэх бус, харилцан ашигтай байх зарчмыг баримталж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж дэмжин ажиллаж буйгаа илэрхийлээд байгаа юм.

Холбоотой мэдээ