Захын түрээслэгчдийн асуудлыг нааштайгаар шийдэхийг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-13 12:00:55

Сэлэнгэ /МОНЦАМЭ. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг хүнсний хэмээн нэрлэгддэг “Гурван мэргэд” захын түрээслэгчдийн төлөөлөл аймгийн Засаг дарга Ш.Оргилтой уулзаж үүссэн нөхцөл байдлаа танилцууллаа.

Сэлэнгэ аймгийн МХГ-ын хяналт шалгалтаар хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах орчин нөхцөл тус захын хувьд зөрчигдөж байгаа тул хаах шийдвэрийг удаа дараа гаргаад байгаа аж. Тодруулбал аймгийн МХГ-аас 2019 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн 16:00 цагт хаах шийдвэрийг дахин гаргажээ. Өмнө нь өнгөрсөн 2018 оны 11 дүгээр сард мөн “хаах” шийдвэрийг гаргаж байсан ч аймгийн Засаг даргаас түрээслэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж, 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хаах шийдвэрийг түр хойшлуулах хүсэлтийг аймгийн МХГ-т хүргүүлснээр зах үйл ажиллагаагаа хэвийн явуулах болсон юм. Энэ хугацаанд захын удирдлагад орчин нөхцөлөө сайжруулах хугацаатай үүрэг чиглэлийг холбогдох байгууллагаас өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажил байхгүй байгаа ажээ.  

Түрээслэгчдийн зүгээс ар гэр, амьдрал ахуйгаа авч яваа болохоор “хаах” шийдвэр хүнд тусаж байгааг уулзалтын үеэр илэрхийллээ. Энэ асуудалтай холбогдуулан аймгийн даргаас Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулгад “Гурван мэргэд” захын түрээслэгчидтэй уулзаж, тэдний эрх ашгийг хамгаалсан, дэмжлэг болохуйц судалгаа, тооцоотой саналыг авч, ирэх нэг дэх өдөр танилцуулах хугацаатай үүрэг даалгаврыг өглөө. Амьдрал ахуйгаа авч яваа олон арван түрээслэгчдийг хохироолгүй, боломжтой хэлбэрээр асуудлыг танилцуулах нь чухал аж. Сүхбаатар сумын Засаг даргаас танилцуулах саналыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх юм байна.  

Холбоотой мэдээ