Брюсселийн халдлагын хариуцлагыг “Лалын улс” хүлээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-23 09:42:39

МОСКВА./TASS/ Гуравдугаар сарын 22-нд буюу мягмар гарагт Бельгийн нийслэл Брюссель хотод болсон цуврал халдлагын хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэл хүлээжээ. Террористуудын мэдэгдлийг тэдэнтэй холбоотой мэдээллийн “Amaq” агентлаг нийтэлсэн байна.

Мягмар гарагт Европын түшмэд зурагтаар үг хэлэхдээ, Европын Холбооны /ЕХ/ эрх баригчид Бельгийн нийслэлд үйлдсэн халдлагад лалын шашинтнуудыг сэжиглэж байна гэж мэдэгджээ. Брюссельд болсон дэлбэрэлтүүд нь чухам халдлага байсан гэх мэдээллийг Бельгийн Ерөнхий сайд Шарль Мишель нотолсон байна.

Мягмар гарагийн өглөө Брюсселийн нисэх буудалд Америкийн агаарын тээврийн “American Airlines” компанийн бүртгэлийг хийж байсан хэсэгт хоёр дэлбэрэлт болсноос хэсэг хугацааны дараа Брюсселийн метронд дэлбэрэлт болжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, цуврал халдлагын улмаас наад зах 34 хүн амиа алдаж, 200 орчим хүн шархадсан байна.

Цагдаа нар халдлагыг зохион байгуулсан гурван сэжигтнийг тогтоосон бөгөөд тэдний хоёр нь амиа алдсан байж магадгүй бол гурав дахийг нь эрэн сурвалжилж байна. 

Бельгийн эрх баригчид метроны бүх буудлыг хааж, нийслэл хотын төвд нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоожээ. Нисэх буудлын үйл ажиллагааг зогсоож, Бельгид террорист аюулын хамгийн дээд буюу дөрөвдүгээр түвшнийг тогтоосон байна.

Бельгийн эрх баригчид гурван өдрийн гашуудал зарлалаа. Халдлагад амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэн зарласан гашуудлын хугацаа өнөөдрөөс эхэлнэ. Герман улс энэ өдөр хөрш Бельги улстай сэтгэл санаа нэг гэдгээ илэрхийлж төрийн далбаагаа бөхийлгөнө. Франц улс төрийн далбаандаа хар тууз хадна, Испанийн эрх баригчид мөн гурван өдрийн гашуудал зарлажээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ