ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-04-15 12:42:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох ЭЕШ-ын онлайн бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн бол өнөөдөр 18:00 цагт дуусна.


Нэмэж бүртгэхгүй тул заасан хугацаанаас өмнө бүртгүүлэхийг Боловсролын Үнэлгээний төв анхаарууллаа.


Энэ онд 12 дугаар ангиа төгсөж буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-гаас QR код бүхий "Бүртгэлийн хуудас"-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. 

Харин ноднин төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авна гэж ЭЕШ-ын журамд заажээ.


ЭЕШ-ын шалгуулагчид шалгалт өгөх байр, анги, танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2019 оны 5 дугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-гаас авна.

Шалгалтын хугацаа дуусмагц анхны дүнг шууд мэдээлэх бөгөөд хэмжээст оноог шалгалт зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягийн шалгуулагчийн буланд байрлуулах юм.

Шалгуулагчдын монгол хэлбичгийн шалгалтын хуудсыг ирэх сарын 6-наас, ЭЕШ-ын батламж хуудсыг ирэх зургадугаар сарын 24-нөөс эхлэн тараах аж.

Холбоотой мэдээ