Номын санд 3 хэмжээст биет зурж, төсөл хийж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-15 14:26:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан АНУ-ын Элчин Сайдын яамны дэмжлэгтэйгээр "3D буюу 3 хэмжээст биет зурах, Ardiuno төсөл хийх сургалт"-д 16 сурагчийг сургалаа.

АНУ-ын соёл, мэдээллийн төвийн дэргэдэх "Makeuspace" төвөөс зохион байгуулсан дээрх сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас шалгарсан хүүхдүүд хамрагдсан байна. Номын сан зөвхөн ном унших бус мөн бүтээлч орон зай болж хувирсныг энэ сургалт харуулснаараа онцлог аж. Сүүлийн жилүүдэд сурагчдын олон чадварыг хөгжүүлж, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц иргэдийг бэлтгэх үүднээс программчлал, код бичих STEAM төрлийн сургалтууд манай улсад нэвтэрсэн. Үүний нэг нь "3D буюу 3 хэмжээст биет зурах, Ardiuno төсөл хийх сургалт юм.

Дээрх сургалтаар программчлал, 3D хэмжээст биет бүтээх гол хөтөлбөрөөс гадна сурагчдын сонирхол, хувь хүний хөгжилд зориулсан "workshop" хичээлүүд мөн орсон байна. Тухайлбал, загвар зохион бүтээгч И.Урангоотой хамтран хуучин хувцсаа сэргээн засварлах хичээл орсноор, хүүхдүүд хуучин хувцсаа дахин ашиглаж, шинэ загвар бүтээх мэдлэг, чадвар олж авчээ. Мөн сургалтад МУИС-ийн доктор У.Эрдэнэбат, "Бүтээлч монгол хүн" ТББ-ын тэргүүн Ж.Лувсандорж нар бүтээлч үйл ажиллагааны хичээл заажээ.

Ийм сургалт Нацагдоржийн номын сан болон АНУ-ын ЭСЯ-ны дэргэдэх  "MakeUspace" төвд сар бүр хичээллэх юм байна.

Холбоотой мэдээ