Цагаачлалын хямралтай тэмцэхэд 228.5 сая ам.долларыг зарцуулна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-15 17:28:48

БОГОТА. /TASS/. Манай улсын эрх баригчид Венесуэлийн цагаачлалын хямралтай тэмцэхэд 712 тэрбум песо буюу 228.5 сая орчим ам.доллар зарцуулна хэмээн Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке мэдэгджээ.


“Энэхүү санаачилга нь Венесуэлээс 1.5 сая гаруй цагаач ирээд байгаа энэ үед хил орчмын бүс нутгуудын хэрэгцээг хангахад чиглэгдсэн юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Ажлын байр бий болгох, эмнэлгийн тусламж үзүүлэх, боловсролын үйлчилгээ үзүүлэх, хоёр улсын хил дэх худалдааг сэргээхэд чиглэгдсэн 50 орчим арга хэмжээ багтаж буй Засгийн газрын боловсруулсан төлөвлөгөөнд энэхүү хөрөнгө, мөнгийг зарцуулах аж.


Сүүлийн жилүүдэд Венесуэл улс нийгэм, эдийн засгийн хурц хямралтай тулгараад байгаа юм. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар болон Олон улсын шилжилт суурьшлын байгууллагын мэдэгдсэнээр, 3.4 сая гаруй хүн Венесуэлийг орхин явжээ. Венесуэлийн инфляцийн түвшин 2019 болон 2020 онд 10 сая хувьд хүрнэ гэж Олон улсын валютын сан таамаглаж байна.  

Холбоотой мэдээ