Эко Завхан аян үр дүнтэй үргэлжилж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-04-16 15:51:41

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт хоёр дахь жилдээ "Миний гоё сум" хөтөлбөрийн хүрээнд “Эко Завхан“ аяныг зарлаад байгаа. Энэ аяны хүрээнд он гарсаар аймгийн төрийн байгууллага, иргэд идэвхтэй оролцож өнөөдрийн байдлаар нийт 36 байгууллага, сум, 30 гаруй иргэн сайн дураараа нийтийн эзэмшлийн зам талбай болон голын ай сав дагуух хогийг цэвэрлээд байгаа тухайгаа цахим орчинд мэдээлжээ.

Мөн сум, байгууллага бүр, иргэд хувийн нүүр номоороо дамжуулан хоггүй байх уриалгыг гаргаж өөрсдийн гар бие оролцож хогоо цэвэрлэн, ачуулж, буй зураг мэдээллийг олон нийтэд сурталчилж уриалж буй нь өнгөрсөн жилийн аян үр дүнтэй болж идэвхтэй оролцсон сум, байгууллагыг шагнаж урамшуулсан нь нөлөөлж байна. Түүнчлэн энэхүү аяныг илүү үр дүнтэй олон нийтийг хамруулсан ажил болгож байгаа талаар албаныхан мэдээлэв. 

Эко Завхан аяныг аймгийн ЗДТГ-аас Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1, УИХ-ын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Ногоон хөгжлийн бодлого“-ийн 2.2.2, Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр“-ийн 2.2.5, Завхан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.3 дахь зорилтуудыг үндэслэн зохион байгуулж байгаа аж. Аяны хүрээнд аймгийн хэмжээнд орчны бохирдол доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд сум, байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг татан оролцуулж жилд хоёр удаа урамшуулах юм. Аяны хүрээнд долоо хоног бүрийн баасан гараг болон амралтын өдрүүдээр байгууллага бүр өөрсдийн хариуцсан газар, талбайн хог хаягдлыг цэвэрлэж ачуулж байгаа юм. Байгаль орчин маань бидэнд үзэгдэж харагдахуйцаар маш хурдтай өөрчлөгдөж байна.Энэ өөрчлөлт хүний үйл ажиллагаанаас шалтгаалж, улмаар цөлжих, хөрс эвдэрч хуурайших, ургамлын бүтэц өөрчлөгдөх, гол горхи, нуур цөөрөм бохирдож хатаж ширгэх, мөнх цас хайлах, ургамал, амьтны төрөл зүйл цөөрөх, байгалийн онц аюултай үзэгдэл ихсэх, ган зуд, гал түймэр нүүрлэх зэрэг олон хэлбэрээр илэрч байна. Тиймээс хүн бүр өөрийн экологийн ул мөрөө багасгаж, хоггүй эрүүл орчинд амьдрах хойч үедээ эрүүл, аюулгүй, байгалийг үлдээх нь үүрэг болоод буйг ухаарах нь зүйтэй гэдгийг нийт иргэддээ уриалж байгаагаа аяныг зохион байгуулагчид хэллээ. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр гэхэд төрийн таван байгууллага хуваарьтай газраа цэвэрлэж хогоо хогийн цэгрүү ачуулсан тухайгаа олон нийтэд мэдээлэв. Тухайлбал Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас хаврын хог цэвэрлэгээний ажлын хүрээнд Улиастай хотын Цагаан хаалганаас эхлэн Алдархаан сумын Морьтой толгой хүртэлх нийт 27 км газрын голын ай сав болон орчны хог хаягдлыг цэвэрлэж хоёр портер хогийг төвлөрсөн хогийн цэгт ачиж буулгажээ. Тэд иргэн бүрийг хүрээлэн буй орчиндоо хог хаягдлаа хаяж байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байхыг уриалж сошиалд мэдээлсэн байна. 

9500 орчим иргэн нийтийн их цэвэрлэгээнд оролцжээ

Өнгөрсөн жилийн "Эко Завхан" аян дөрөвдүгээр сараас эхэлж 12 дугаар сарын 31-ны өдөр дууссан. Энэ хугацаанд шилдэг эко сумаар зургаан сум шалгарсан бол шилдэг эко байгууллагаар мөн зургаан байгууллага шалгарч мөнгөн шагнал хүртжээ.

Эдгээр байгууллагууд нь шагналаа зөвхөн байгаль орчныг хамгаалах, тохижилт үйлчилгээгээ сайжруулах, иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд зориулахаа шагнал гардах үеэрээ дуулгаж байсан нь аяныг үр дүнтэй үргэлжлүүлэн зохион байгуулахад том дэмжлэг болж байна. Мөн Завхан аймаг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хавар, намрын “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г аймгийн хэмжээнд 2018 онд үр дүнтэй зохион байгуулж, нийт 2734,8 га талбайгаас 12091,6 тонн хог хаягдлыг  850 албан байгууллага, 9448 иргэдийн оролцоотойгоор цэвэрлэж, 270 гаруй техник хэрэгслээр хог хаягдлыг ачиж тээвэрлэн 12 орчим сая төгрөгийн санхүүжилтийг зарцуулсан дүнтэй байна. Мөн нийтийн их цэвэрлэгээний үер 80 мянга гаруй малын сэг зэм устгаж, 1685 бүртгэлгүй буюу золбин нохойг устгаж, эзэнтэй нохойг бүртгэлжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулжээ. Алдархаан, Баянхайрхан, Сантмаргаз, Түдэвтэй, Тэс, Улиастай сум долоо хоног бүрийн баасан гарагийг орчны их цэвэрлэгээний өдрөөр сонгож, цэвэрлэгээ хийж хэвшсэн байна. Харин зарим сум сар бүрийн сүүлийн амралтын өдрийг их цэвэрлэгээний өдөр болгож хоггүй, эрүүл орчны төлөө хүн бүр идэвхтэй ажилладаг болсон нь "Эко Завхан" аяны үр дүн юм хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Төвлөрсөн хогийн цэгийг тохижуулж байна

Завхан аймгийн төв, Улиастай сумын төвлөрсөн хогийн цэгийн 18 га талбайг тохижуулж, хогийг хагас ландфиллын аргаар хаах ажлыг Улиастай сумын дэргэдэх Хот тохижилт үйлчилгээний алба, “Сүм сүндэр өргөө” ХХК хамтран хийж байна. 

Төвлөрсөн хогийн цэгийн 4.7 га газрын өргөст торон хайс хамгаалалтыг сэргээн засварлан, технологийн сайжруулалт хийж, 1800 орчим метр газар хамгаалалтын далан, шуудууг татаж, төвлөрсөн хогийн цэг рүү хүрэх шороон замыг сайжруулаад байна. Түүнчлэн төвлөрсөн хогийн цэгийн талбай дотор аюултай хог хаягдлыг хадгалах 15 шоо метрийн багтаамжтай дөрвөн ширхэг хүнхээлийг байгуулсан. 200 литр хлорын шохойг ариутгалын зориулалтаар хүнхээл тус бүрд хийж ариутгасан. Бид мөн төвлөрсөн хогийн цэгийг тохижуулах, тэр орчмын газрыг эдгээх, эрүүлжүүлэх зорилгоор мод, бут тарьж байна. Хогийн цэгийн талбай дээр нийт өнгөрсөн жил 20 ширхэг улиас модыг тарьж, найман ам дөрвөлжин газрыг зүлэгжүүлсэн. Энэ жил нэмж 50 гаруй модыг тарьж, зүлэгжүүлсэн талбайгаа өргөтгөх ажлыг эхлүүлэх гэж байна. Өнөөдрийн байдлаар Завханы Алдархаан, Тосонцэнгэл, Сантмаргаз, Эрдэнэхайрхан гэхчлэн найман сум төвлөрсөн хогийн цэгийн га талбайгаа багасган, шууж тохижуулах ажлыг хийгээд байна. Аймгийн хэмжээнд нийтийн эдэлбэр газар 450 гаруй хог хаягдлын сав байрлаж байна. Сайн хашаа хөтөлбөрийн хүрээнд Улиастай сумын гэр хорооллын айл өрхүүд болон гудамж талбайд 83 ширхэг хогийн савыг байршуулсан. Улиастайн төвд нийтийн эзэмшлийн зам талбайн хогийг өдөрт хоёр удаа цэвэрлэж ачуулдаг болсон. Зургаан багт зориулалтын хогийн машин долоо хоног бүр хогийг ачиж цэвэрлэх ажлыг хийж байна. Тиймээс манай иргэд урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулаад өөрийн эзэмшлийн талбай, хашаа хорооныхоо дэргэдэх эзэнгүй хогийг цэвэрлэх, бас гудамж талбайд иргэдийг хог, муу усаа асгахаас сэргийлж хяналт тавих, орчиндоо цэвэр цэмцгэр амьдрахыг уриалж байна хэмээн аймгийн Хот тохижилт үйлчилгээний албанаас нэмж дуулгалаа. 

Холбоотой мэдээ