“Орлогод нийцсэн орон сууц”-ны 768 айлын барилга эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-15 18:14:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлэх “Орлогод нийцсэн орон сууц” төслийн хүрээнд 768 айлын орон сууцны шав тавих ёслол өнөөдөр боллоо.


Ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон бусад албаны хүмүүс оролцов.



Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан хэлэхдээ, “Нийслэлийн нийт өрхийн 56 хувь нь гэр хорооллын бүсэд амьдарч байна. Гэр хорооллын өрхүүд зах зээлийн үнээр орон сууц худалдан авах боломж дутмаг байгаа үед иргэдийн амьжиргааны түвшинг тогтоон, амьдрах орчны сонголт хийх боломжийг бүрдүүлэх энэ төслийн хамт олонд талархал илэрхийлье. Төслийн тухайд, хот өөрсдөө хөрөнгө оруулалт хийн, газрын асуудлыг шийдэж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлыг зохицуулснаар, “Нийслэлийн Орон сууцны корпораци” төслийг хариуцан ажиллана” гэв.



Мөн тэрээр, “Нийт төслийн 15 хувийг нийслэлийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж, 55 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд олгох бол, үлдсэн 30 хувийг зах зээлд шууд борлуулахаар төлөвлөж байна. 768 айлын орон сууц зөвхөн эхлэл. Энэ мэт олон дүүрэг, хороодод барилгын төсөл хэрэгжих боломжтой. Нийслэлээс, хувийн хэвшилтэй хамтран нийгмийн болон инженерийн дэд бүтцийг бүрэн хангасан орон сууцны хотхоныг бүтээн байгуулах ажлыг үүгээр эхлүүлж байгааг иргэддээ дуулгахад баяртай байна” гэлээ.



“Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ өнгөрсөн хугацаанд “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийг боловсруулан батлуулж, нийслэлд амьдарч буй бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцыг нийлүүлэх, шинэ суурьшлын бүсэд орон сууцны хороолол барьж байгуулах, түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, түрээсийн орон сууцны олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зэрэг тодорхой ажлыг шат дараатай гүйцэтгэж байгааг” Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-ийн захирал  Б.Сүхбаатар хэлэв.


Төслийн хүрээнд, 12 давхар 6 хэсэг орон сууцны барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургууль босгох юм.

Холбоотой мэдээ