“Иргэдийн оролцоотой-Байгаль орчны хяналт” сарын аяны хүрээнд аймгийн мэргэжилтнүүд Заамар суманд ажиллажээ.

Орон нутагт | Төв
naraa@montsame.gov.mn
2019-04-17 11:15:37

Төв /МОНЦАМЭ/. “Иргэдийн оролцоотой-Байгаль орчны хяналт”-“Эрүүл аюулгүй орчин-Таны оролцоо” сарын аяны хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Заамар сумын мэргэжилтнүүдэд тодорхой сэдвээр сургалт явуулж, тус сумын аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийжээ.

Тус сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн  болон байгаль орчны асуудлаар хариуцсан ажилтан, холбогдох инженер техникийн ажилтнууд сургалт зохион байгуулсан байна. “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”, “Дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмыг мөрдөн ажиллах”,  “Уул уурхайн салбарт илэрч буй зөрчлүүд, түүнээс урьдчилан сэргийлэх нь”,“Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа анхаарах асуудлууд”, “Амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээ, түүнд тавигдах шаардлага”, “Нийгмийн даатгал, түүний ач холбогдол”, “Радио давтамж түүний ашиглалт” сэдвээр чиглэлийн байцаагч нар сургалтыг явуулжээ.

Аймгийн байгаль орчин дэд бүтэц, хөдөлмөр хяналтын хэлтсийн дарга Г.Ганбаяр, нийгмийн хамгааллын байцаагч Ж.Оюунцэцэг, хөдөлмөр хяналтын улсын байцаагч Н.Цэцэг-Эрдэнэ, хөдөлмөр эрүүл ахуйн улсын байцаагч Э.Цэвээндулам, харилцаа холбооны улсын байцаагч А.Бурмаа, геологи уул уурхайн улсын байцаагч Т.Мөнхжаргал, барилгын улсын байцаагч Батхуяг, эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Г.Мягмарсүрэн, хэмжил зүйн улсын байцаагч Оюунжаргал нар Заамар сумын аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн  асуултад хариулж, зөвлөгөө зөвлөмж өгч ажилласан байна.

Заамар сумын Хайлааст багт улсын төсвөөр барьж байгаа эмнэлгийн барилгад техник, эрчим хүч, харилцаа холбооны чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ.

Мөн тус сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн авто тээвэр, хэмжил зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, нийгмийн хамгаалал, геологи уул уурхайн чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн байна. Шалгалтаар ямар нэг зөрчил дутагдал илрээгүй хэмээн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ