Төсөвт байгууллагуудаас 229 мэдээллийг цахимд байршуулаагүй байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-04-16 12:01:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Санхүү, аудитын албанаас шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийлээ.

Аймгийн Засаг даргын төсвийн багцад харъяалагдах 188 байгууллага шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээллээ байршуулсан байна. Нэг төсөвт байгууллага бүтэн жилийн турш 147 мэдээлэл, төрийн сан 161, ОНӨХК 62, ОНӨААТҮГ 144 мэдээллийг байршуулах ёстой. Мэдээллийг хуулийн хугацаанд байршуулсан үзүүлэлт 98 хувьтай байгаа юм. Тодруулбал, нийтэд ил болгох 27690 мэдээнээс 27214-ийг байршуулжээ.

Цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг цахимд байршуулах ёстой ч 11 байгууллага 208.8 сая төгрөгийн 22 гүйлгээг, 28 байгууллага 4712.5 сая төгрөгийн 154 гүйлгээг мэдээлээгүй байна.

Зарим байгууллага төсвийн хэтрэлт, хэмнэлтийн талаар мэдээллийг тоон хэлбэрээр байршуулж байгаа ч шалтгааныг нарийн, тодорхой тайлбарладаггүйг аймгийн СХАА-ны дарга М.Хатанбаатар хэлэв. Цаашид мэдээллийг байршуулаагүй гэх зөрчлийг удаа дараа гаргаж буй төсвийн ажилтнуудад хариуцлага тооцож эхлэх аж.

 

Холбоотой мэдээ