Ассанжийг ад үзэх шалтгаан ба түүний цаашдын хувь заяа

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-04-18 12:24:00

Шүүхээс дуудахад ирээгүй гэх үндэслэлээр 7 жилийн өмнө Английн Уэстминстрийн шүүхээс өгсөн баривчлах зөвшөөрлийн дагуу Лондон дахь Эквадорын ЭСЯ-ны байранд орогнож байсан Ж.Ассанжийг албадан саатуулж, Английн хамгийн хатуу дэглэмтэй шоронд хорьсон нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн дуулиант үйл явдал байлаа.


Викиликсийг үндэслэгч Жулиан Ассанжийн мэргэжил нэгт сэтгүүлч нөхөд нь түүнийг Нобелийн Энх тайвны шагналд нэрийг нь дэвшүүлж байсан бол “Тайм” сэтгүүлийн уншигчид Оны хүнээр шалгаруулж байв. Тэрбээр Америкийн нууц шоронгуудын тухай, тэдгээр шоронд хоригдлуудыг эрүүдэн шүүж байсан тухай, дэлхийн нэртэй улс төрчдийг АНУ-ын тусгай албад тагнаж чагнаж байсан, Иракийн энгийн номхон иргэдийг америк цэргүүд хөнөөж байсан, америкчуудын Афганистан, Ирак, Сомалид явуулж байсан байлдааны ажиллагааны талаарх олон мянган нууц баримт бичгийг олон нийтэд ил болгосон юм.  


Ассанжад тохиолдсон адал явдлууд, түүнийг орогнож буй газраас нь хэрхэн баривчилсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр хангалттай цацагдаж байгаа билээ. Иймээс энэ удаад Эквадорын тал Ассанжийг ЭСЯ-ндаа цаашид орогнуулахаас гэнэт татгалзсаны учир шалтгаан, түүний цаашдын хувь заяаны талаар ажиглагчдын дэвшүүлж буй таамаглалуудыг тоймлон хүргэхийг оролдлоо.  


Ассанжийг ад үзэх болсон шалтгаанууд 


Эквадорчууд Ассанжийг 7 жилийн турш орогнуулсан атлаа түүнийг гэнэт хөөж туун “новшрох” болсон шалтгаануудын талаар янз бүрийн дам яриа дэгджээ. Тэдгээрээс үнэнд нэлээд дөхүү байж болох нэгэн таамаглалыг дэлгэе. Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено тансаг зочид буудалд хоноглох үедээ орон дотроо хавчны махтай хоол захиалан идэж буйг харуулсан гэрэл зургийг Ассанж твиттер хуудсандаа нийтэлжээ. Эквадорчуудын ихэнх нь хатуу хэмнэлтийн горимд шилжиж, амьжиргаагаа арай чүү залгуулж байгаа энэ үед Ерөнхийлөгч ингэж тансаглаж байгаа нь жирийн иргэдийн бухимдлыг төрүүлсэн нь гарцаагүй.  Хэдийгээр тус улсад дампуурлын аюул нүүрлээгүй боловч өрийн хэмжээ 42 тэрбум долларт хүрч, нөхцөл байдал нэлээд хүндрээд байгаа юм. Иймээс Л.Морено 2 жилийн өмнө тангараг өргөснийхөө маргааш өдөр нь яамдын тоо 28 байсныг 23 болгон цөөрүүлж, улс орноо хэмнэлтийн горимд шилжүүлж байв.

Түүнээс гадна, Морено ба түүний эхнэрийн хоорондоо бичсэн цахим захидлууд, мессежүүдийг Ассанж олон нийтэд ил болгожээ. Үүнд уурлаж хилэгнэсэн Ленин Викиликсийг үндэслэгчийг үтэр түргэн хөөж явуулах шийдвэр гаргасан бололтой. Гэхдээ албан ёсны тайлбарт энэ тухай дурдаагүй нь мэдээж.  


Ингээд Эквадорын тал Ассанжаас нүүр буруулах болсноо хэрхэн тайлбарласныг сонирхоё.   

-Ассанж бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох үйлдлээ үргэлжлүүлж, нууц баримт бичгүүдийг тарааж байсан. Хамгийн сүүлд гэхэд, энэ оны 1 дүгээр сард Ватикантай холбоотой нууц баримтуудыг ил болгожээ.

-ЭСЯ-ны байранд цахим төхөөрөмжийг зөвшөөрөлгүйгээр суурилуулсан.

-Хяналтын камераар ажиглалт явуулахад саад хийсэн

-Хамгаалалтын албаны ажилтнуудтай маргалдаж, тэдэнтэй зүй бусаар харьцсан

-Гар утас хэрэглэсэн

-ЭСЯ-ны баримт бичгүүдийг зөвшөөрөлгүйгээр авсан гэх мэт зөрчлүүдийг Ассанж гаргаж байсан нь түүнийг цаашид орогнуулахаас гэнэт татгалзах үндэслэл болсон байна. Мэдээжийн хэрэг, 7 жилийн турш нэг байшингаас гаралгүй “гэрийн хорионд” байсан хүн сэтгэл санааны хувьд өөдтэй байгаагүй нь лавтай, иймээс сэтгэлийн хямралд орсон Ассанж ЭСЯ-ны ажилтнуудтай эвгүй харьцаж байсан байж болох. Нөгөөтэйгүүр, Лондон дахь Эквадорын ЭСЯ-ны байр нь зай талбай багатай, орон сууцны байшингийн 1,2 давхрын хэдхэн өрөөг эзэлдэг. Гэтэл хэн нэгэн орогногч этгээд бүхэл бүтэн өрөөг эзлэн сууж, гаднаас элдэв зочид урьж авчирч төвөг удахаас гадна муур нохой тэжээж, хог новшоо цэвэрлэхгүй бохир заваан байгаа нь Эквадорын дипломат ажилтнуудыг залхааж, улмаар Ассанж ба тэдний хооронд ахуйн шинжтэй маргаан байнга дэгдэх болсон байна.    


Ассанжаас зай барих болсон өөр нэгэн шалтгаан бол түүнийг орогнуулахын тулд гаргасан зардал сүйтгэл юм. Элчин сайдын яаманд нь 7 жилийн турш орогносон Ассанжийг хамгаалахын тулд Эквадорын эрх баригчид улсынхаа төсвөөс 5 сая гаруй доллар зарлагадсан тухай мэдээлэл Английн The Guardian сонинд гарчээ. Энэ их мөнгийг олон улсын хамгаалалтын компанийг хөлслөн ажиллуулах, хяналтын камераар ажиглалт хийх, Ассанжийг эргэхээр очиж буй хүмүүс, элчин сайдын яамны ажилтнууд төдийгүй ЭСЯ-ны гадаа хамгаалалтанд гардаг Английн цагдаа нарын талаарх мэдээллийг цуглуулахын тулд нууц туршуулуудыг хөлслөн ажиллуулахад зарцуулсан аж. Ганцхан жишээ дурдахад, 2012 оны 6 дугаар сараас 2013 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Эквадорын “Senain” гэдэг тусгай албанаас явуулсан “Зочид буудал” хэмээх тусгай ажиллагааны өртөг нь 973 мянган доллар болсон гэх мэт.


Ассанжийг англичуудад шилжүүлэн өгөх болсон шалтгааны талаар өөр нэгэн сэжиг таамгийн талаар дурдалгүй өнгөрч болохгүй. Юу вэ гэвэл, улс орон нь эдийн засгийн хүнд байдалд орсны улмаас Эквадорын эрх баригчид Ассанжаас нүүр буруулсан байж болох талтай. Тодруулбал, энэ оны 2 дугаар сард Олон улсын валютын сангаас Эквадор улсад 4,2 тэрбум долларын зээл олгоход бэлэн гэдгээ илэрхийлсэн бол АНУ-ын хяналт нөлөөнд байдаг олон улсын санхүүгийн байгууллагууд 6 тэрбумыг амласан байна. 10 гаруй тэрбум долларын сураг сонссон Эквадорын эрх баригчид зангаа огцом хувирган, Ассанжийг “мурисан” байх гэх хардаж болохоор. Нөгөөтэйгүүр, Эквадорт худалдааны хөнгөлөлт үзүүлэлт, АНУ-д төлөх өрийнх нь зарим хэсгийг хүчингүй болгохоор Вашингтон амласан бололтой. Өөрөөр хэлбэл, Эквадорын засгийн газар Ассанжийг нэлээд үнэ хүргэж “заржээ”. Энэ бүхнээс үүдэн дүгнэвээс, баруунхантай, ялангуяа АНУ-тай харилцаагаа сайжруулах гэсэн Эквадорын шинэ Ерөнхийлөгчийн хүсэл эрмэлзлийн золиос нь Ассанж болжээ.


Лениний гаргасан шийдвэрийг Эквадорын өмнөх Ерөнхийлөгч Рафаэль Корреа тайлбарлахдаа “энэ бол Латин Америкийн түүхэн дэх хамгийн гутамшигтай урвалт” гэжээ.  Америкийн эсрэг үзэл бодолтой Р.Корреа бол Викиликсийг үндэслэгчид сайхан сэтгэлээр хандаж, ЭСЯ-ндаа орогнуулах шийдвэрийг гаргасан хүн юм. Ингэхдээ Эквадор улсын бусад оронтой тогтоосон харилцаанд хүндрэл учруулахгүй гэсэн ам өчгийг Ассанжаас авсан аж. Гэтэл 2017 онд Ленин Морено ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш байдал эрс өөрчлөгдлөө. Тэрбээр өнгөрсөн өвөл мэдэгдэхдээ “Ассанжад орогнол олгосон шийдвэрийг эргэж нягтална” гэж байсан бол түүнийг Их Британийн эрх баригчдад шилжүүлэн өгөх гэж байгаа тухай мэдээлэл 4 дүгээр сарын 5-ны өдөр Викиликст гарч байсан юм. Гэвч Эквадорын эрх баригчид үүнийг цуу яриа хэмээн няцааж байсан билээ.  


Ассанжийн хувь заяа хэрхэх бол?


Английн цагдаа нарт баривчлагдсан Ж.Ассанжийг Белмарш гэдэг чанга дэглэмтэй шоронд хорьжээ. “Английн Гуантанамо” гэгддэг энэ шоронд онц аюултай гэмт хэрэгтнүүд, Лондонгийн метронд дэлбэрэлт үйлдсэн амиа золиослогч террористуудыг хорьдог аж.


Британийн шүүгчид ойрын үед түүнийг Швед, АНУ хоёрын аль нэгэнд нь хүлээлгэн өгөх асуудлыг шийдэх ёстой болоод байна. Одоогоор Ассанжийг шилжүүлэн авах хүсэлтийг америкчууд ирүүлээд байгаа бол Шведийн тал ийм хүсэлт гаргаагүй аж. Гэхдээ Шведийн прокурорууд Ассанжтай холбоотой бэлгийн хүчирхийллийн хэргийг сэргээн шалгаж магадгүй байгаа юм.

13-ны өдөр Английн парламентын хэсэг гишүүд Ассанжийг Шведэд шилжүүлэн өгөх нь зүйтэй гэсэн шаардлага бүхий захидлыг засгийн газарт хүргүүлсэн байна. Харин Ассанж нэгэнт гарт нь ороод ирсэн болохоор Английн эрх баригчид шийдвэр гаргах гэж төдийлөн яарахгүй болов уу. Ойрын сар өдрүүдэд Их Британи улс Европын Холбооноос гарах үйл явц /брексит/ маш зовиуртай явагдаж, европчуудын шаардлагын дагуу уг процессыг хагас жилээр хойшлуулсан нь Ерөнхий сайд Тереза Мэйг огцруулах улс төрийн ээлжит давалгааг өдөөсөн билээ. Энэ үед Ассанжийн асуудлыг сунжруулан, олон нийтийн анхаарлыг брекситээс түр ч атугай хөндийрүүлэх нь эрх баригчдад ашигтай байж болох юм. 

Викиликсийг үндэслэгч Жулиан Ассанжийг Швед улсад шилжүүлэн өгсөн тохиолдолд тэрбээр 2 жилийн хорих ял эдэлнэ гэж Олон улсын эрхзүйн Стокгольмын хүрээлэнгийн захирал, хуульч Пол Вранге үзэж байна. 2010 онд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэгдэж буй Ассанжад холбогдох хэргийг 2017 онд хаасан билээ. Харин Эквадорын ЭСЯ-ны байранд хоргодож байсан түүнийг Английн цагдаа нар баривчилсны дараа дээрх хэргийг сэргээн шалгахыг хохирогчийн өмгөөлөгч шаарджээ. Одоогоор прокурорын газраас уг хэргийг сэргээх үндэслэлийг судалж байна.


Вранге-гийн үзэж байгаагаар, Шведийн хуулиар бэлгийн хүчирхийлэл үйлдэхээр завдсан хэрэгт 6 жилийн хорих ял оноодог бол Ассанж уг хэргээр 2 жилийн ялаар шийтгүүлж магадгүй ажээ. Учир нь, хэрэг гарснаас хойш хэдийнэ 9 жил өнгөрсөн тул гэрчийн мэдүүлэг ба нотлох баримтууд хуучирч, үндэслэл муутай болсон байх магадлалтай гэнэ.


Харин америкчууд түүнд “Америкийн армид алба хааж байсан Челси Мэннинг гэгчтэй хуйвалдан, албаны баримт бичгүүдийг хулгайлж, нийтэлсэн” гэсэн ял тулгаж байна. АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр бол, компьютерийн мэдээллийн системийг эвдлэн сүйтгэх хэргийг үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд шүүхээс Ассанжад дээд тал нь 5 жил хорих ял оноох бололтой. Лондонгийн шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу АНУ-ын тал 6 дугаар сарын 12-ноос өмнө Ассанжийг тус улсад шилжүүлэн өгөхтэй холбоотой баримт материалуудыг Их Британид ирүүлэх ёстой юм.


Нөгөөтэйгүүр, 1917 онд АНУ-д батлагдсан “Тагнах үйлдлийн тухай” хуулийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Ассанж гэм буруутай нь тогтоогдвол түүнд цаазаар авах ял оноож магадгүй. Тэрбээр Эквадорын ЭСЯ-д орогнох болсон нь Америкийн шүүх өөрт нь цаазын ял оноож магадгүй гэсэн айдсаас үүдэлтэй байсан. Харин энэ тухайд Их Британийн Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ “Ассанжад цаазын ял оноох эрсдэл байгаа тохиолдолд түүнийг тухайн улс оронд шилжүүлэн  өгөхгүй” гэлээ.  


Эквадорчууд Ассанжийг ЭСЯ-наасаа хөөж, түүнд олгосон паспортоо хүчингүй болгож, АНУ, Швед хоёр түүнийг шилжүүлэн өгөхийг шаардаж, Британийн шүүгчид хувь заяаг нь шийдэхээр толгойгоо гашилгаж байгаа энэ үед Австрали улс өөрийнх нь иргэнийг хэрхэн “тарчлаан зовоож” буйг хараагүй мэт дүр эсгэж байна. Австралийн улстөрч Жамаль Дауд ярихдаа “АНУ-д нөлөөлөх хөшүүрэг Австралид байгаа боловч үүнийг ашиглахыг хэн ч хүсэхгүй байна” гэжээ. Түүний үзэж байгаагаар, Ассанжад туслахгүй байгаа нь Австралийн ардчиллын зарчим ба Үндсэн хуульд харшилж байгаа аж.


Ассанжийг Шведэд шилжүүлэн өгөх үү, эсвэл АНУ-ын талд хүлээлгэн өгөх үү гэдэг нь Британийн эрх баригчдын шийдэх асуудал. Түүнийг баривчлах ордер /зөвшөөрөл/ нь зөвхөн Европын Холбооны нутагт хүчинтэй учраас Ассанжийг Швед улсад шилжүүлэн өгөх магадлал илүү өндөр байгаа, гэхдээ гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх асуудлаар АНУ-тай байгуулсан хэлэлцээрийг Их Британийн хуульчид харгалзан үзэж магадгүй.


Б.Адъяахүү  

 

 

Холбоотой мэдээ