БНАСАУ нам өндөрт нисдэг пуужин туршсан байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-18 15:15:21

СӨҮЛ. /TASS/. БНАСАУ дөрөвдүгээр сарын 17-нд алсаас удирддаг, нам өндөрт нисдэг тактикийн пуужин туршсан гэж “Yonhap” агентлаг БНСУ-ын цэргийн шинжээчдийн мэдээллээс иш татан уламжилсан байна.


“БНАСАУ нам өндөрт нисдэг “газар-газар” ангиллын пуужин эсвэл тактикийн далавчит пуужин туршсан” гэж эх сурвалжууд онцлон тэмдэглэжээ.


“Yonhap” агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын харвасан бүх пуужинг тус улсын Зэвсэгт хүчний Умард командлалд ашигладаг Америкийн илрүүлэлтийн системээр ажигладаг байна. Гэвч дөрөвдүгээр сарын 17-нд БНАСАУ-ын харвасан пуужинг уг систем бүртгээгүй байна. Үүнээс харахад, тус улс нь нам өндөрт нисдэг, ойрын зайн тусгалтай пуужин туршсан гэж үзэж болохоор байгаа аж.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун алсаас удирддаг, тактикийн шинэ зэвсгийн туршилтад оролцлоо гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн билээ. Мэдээнд зэвсгийн туршилт амжилттай болсныг зарласан ч яг ямар төрлийн зэвсэг болохыг дурдаагүй юм.

Холбоотой мэдээ