Чуулганаар Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-18 16:45:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бичгийг хэлэлцэж, дэмжлээ.


Албан бичгийг Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан нэр дэвшигч нар Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд прокурорын байгууллагын эрх мэдлийг хэрхэн тодорхойлох ёстой хэмээн үзэж буйг тодруулав. УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд прокурорын байгууллага бол шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байна гэсэн заалтыг хадгалж үлдэх нь зөв гэдгийг нэр дэвшигч М.Чинбат, С.Алминцэцэг нар хэллээ. Мөн прокурорын байгууллагын дэргэдэх мөрдөн байцаах албыг дахин байгуулах шаардлагатай гэдгийг онцолсон юм.


С.Зоригийг хөнөөсөн хэргийг шударга бусаар шийдсэн бүх хуульч, шүүгч нарт хариуцлага тооцох ёстой гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэллээ. Мөн УИХ-ын гишүүд олны анхаарлын төвд байгаа С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувийн асуудал болон бусад авлига, албан тушаалын томоохон хэргүүдийг шуурхай шийдвэрлэхийг нэр дэвшигчдэд захив.  Түүнчлэн прокурорууд сэжигтнийг яллахаас гадна цагаатгах боломжийг эрэлхийлж, хүний эрхийг хамгаалахад идэвх зүтгэл гарган ажиллах шаардлагатай гэдгийг дурдаж байлаа.


Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа прокуроруудыг улс төрчдөөс хараат бус ажиллахыг захилаа. Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан захиалгат, гүтгэлгийн чанартай мэдээлэлд үндэслэн эрүү үүсгэдэг тогтолцоог таслан зогсоох хэрэгтэй хэмээв. Ялангуяа сонгуулийн үеэр зарим нэр дэвшигч өрсөлдөгчөө гүтгэж, хууль, хяналтын байгууллагад хандах тохиолдол байдаг гэсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Ганболд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон болон байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг дурдав.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 86.2 хувь нэр дэвшигчдийг дэмжиж, санал, дүгнэлтээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэхээр тогтлоо.


Chimgee Chimgee-н зураг.

Максимын Чинбат нь:

1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор

1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч

2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор

2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор

2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор

2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга

2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор

2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга

2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор

2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокурор


Chimgee Chimgee-н зураг.

Содонгийн Алиманцэцэг нь:

1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор

2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор

2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор

2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор

2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор

2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор

2012-2014 онд “МИАТ” ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга

2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор

2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор

2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор

2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор

2018 оны аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокурор

Холбоотой мэдээ