Байнгын хороо МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-19 12:40:34
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар,Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн таван хүнийг тус зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжлээ.

Одоогоор тус зөвлөлийн таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаа бөгөөд тэдний оронд томилуулахаар Ерөнхийлөгч, Засгийн газраас тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлэх бол гурвыг нь УИХ-аас нэр дэвшүүлсэн. Ерөнхийлөгчөөс МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, түүх судлаач, төрийн шагналт эрдэмтэн Д.Өлзийбаатарыг, Засгийн газраас Улсын Бага Хурлын гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан, академич, хуульч эрдэмтэн Н.Жанцанг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн байна. Нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, нийгмийн бодлогын зөвлөх Г.Уянга, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж эхлэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Ерөнхийлөгч болон Засгийн газраас Үндэсний зөвлөлийн гишүүн нэр дэвшигчдийг эхэлж хэлэлцээд санал хураалт явуулж шийдвэрлэх нь зүйтэй, харин Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх тоонд олон хүн нэр дэвшсэн учраас тэдний асуудлыг дараа нь хэлэлцэж шийдье гэсэн горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.7 хувь нь дэмжиж чуулганы хуралдаанд шилжүүлэв.

Яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар, дээрх зөвлөлд нэр дэвшсэн таван гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх гэж байна.

Хуулиараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн арван таван гишүүнийг зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай, ингэхдээ тэдний дөрвийг нь Ерөнхийлөгчөөс, долоог нь Улсын Их Хурлаас, дөрвийг нь Засгийн газраас нэр дэвшүүлж томилдог. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид; эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд; эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгоно” гэж заасан.
Холбоотой мэдээ