ОНХС-гийн хөрөнгийг төлөвлөх, санал авах үйл явцад малчдын оролцоог нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. "Тогтвортой амьжиргаа 3"
төслөөс ОНХС-гийн хөрөнгийг иргэдийн оролцоотой зөв төлөвлөх, хөрөнгө
оруулалтын үнэлгээ, тэргүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлэх арга зүйн сургалтыг
Дундговь аймагт зохион байгууллаа.
Сургалтад 15 сумын удирдлагууд
болон 5 сумын чиглүүлэгчид нийт 70 гаруй хүн оролцсон байна.
ОНХС-гийн хөрөнгийг зарцуулах үйл
ажиллагаанд иргэдийн санал өгөх, оролцох байдал тийм ч сайн биш байсаар байгаа
бөгөөд "Тогтвортой амьжиргаа 3" төсөл энэхүү үйл ажиллагаанд иргэдийн
оролцоог нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа юм.
Тус сургалтаар Сангийн сайдын тушаалаар
шинэчлэгдэн батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн журам”-ыг танилцуулж, “ОНХС-гийн
үйл ажиллагааг төлөвлөх, хөрөнгө оруулалтын үнэлгээ болон тэргүүлэх ач
холбогдлоор нь эрэмбэлэх” сайн туршлагыг 5 суманд хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх
чадвар олгосон ажээ.
ОНХС-гийн үйл ажиллагааг төлөвлөх үйл
явцад ялангуяа хөдөөгийн малчдын оролцоо тааруу, тэдний санал бараг
тусгагддаггүй учраас 2018 онд "Тогтвортой амьжиргаа 3" төслөөс
Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд малчдын саналыг авах ажлыг зохион
байгуулсан нь улсын хэмжээнд сайн туршлага болж байсан. Тиймээс энэ жил дээрх 5
сумыг сонгон сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой байгаагаа тус төслийн
аймгийн ажилтан Б.Энхтүвшин мэдээллээ.
Цаашдаа сум бүрээс бэлтгэгдсэн чиглүүлэгч
нар баг бүртээ ажиллаж, иргэдэд мэдээлэл өгөхөөс гадна Багийн ИНХ болон
сумын ИТХ-д иргэдийн саналыг хэрхэн зөв эрэмбэлж байгаад хяналт тавьж ажиллах ажээ.
Тус төслийн ажилтан 2020 онд ОНХС-гийн
хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын санал авах үйл ажиллагааг ирэх тавдугаар сарын 28
гэхэд дуусгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.