Засаг дарга зам засварын ажилд хяналт тавихыг үүрэг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-22 16:27:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Мандалговь хотыг холбосон 270, Мандалговь-Даланзадгад хотыг холбосон 300 км улсын чанартай авто замын тодорхой хэсэгт хийх засварын ажлыг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэхийг хариуцагч компани мэдэгдэж байсан хэдий ч өнөөдрийн байдлаар ажил эхлээгүй байгааг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ онцолж, энэ ажилд анхаарлаа хандуулж ажиллахыг Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуунд үүрэг болголоо. 

2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  А 0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын засвар арчилгаанд 303,060,000 төгрөг, А 0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын засварт 960,890,000 төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.

Зам засварын ажлыг гүйцэтгэх “Авто замын машин механизм” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулга Улаанбаатар-Мандалговь хотын зам засварын ажлыг энэ сарын 1-ний өдрөөс эхэлж, тавдугаар сарын 15 гэхэд, харин Мандалговь-Даланзадгад хотын зам засварын ажлыг улсын наадмаас өмнө дуусгахаа мэдэгдэж байсан.

Харин мэдэгдсэн энэ хугацаанаас хойш 20 гаруй хоног өнгөрөхөд Улаанбаатараас Мандалговь хот хүртэлх замын засвар ийнхүү эхлээгүй байгаа ажээ.

Харин улсын чанартай авто замын засварын ажилд аймаг орон нутаг хяналт тавьж, аль болох чанартай хийлгэх талаар анхаарч ажиллах ёстойг Засаг дарга анхааруулсан юм.  

Холбоотой мэдээ