Залуус буруу мэргэжил сонгосны улмаас хөдөлмөрийн зах зээлээс шахагддаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-23 17:45:33

Дэлхий дээр 9000 гаруй мэргэжил байхад залуус ердөө 50 төрлийн мэргэжлээс сонголт хийж, хөдөлмөрийн зах зээлээс шахагдаж байгаа талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өнөөдөр болсон “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих” хөтөлбөрийн нээлтийн үеэр онцлов.

Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдын 90 хувь нь МУИС, ЭМШУИС, ШУТИС зэрэг төрийн өмчийн томоохон их сургуульд орох хүсэлтэй байдаг аж. Их, дээд сургуулийн оюутнуудын мэргэжил сонголтыг судлахад 38 хувь нь сонирхлын дагуу мэргэжлээ сонгосон, 30 хувь нь мэргэжилдээ дургүй, 12 хувь нь мэргэжлээрээ ажиллахгүй гэсэн хариулт өгсөн бол ажилгүйчүүдийн 14 хувь нь эзэмшсэн мэргэжилд нь тохирох ажил олдохгүй байна гэжээ. Харин Политехник коллеж, МСҮТ-үүд Монгол Улсад эрэлттэй, төгсөөд шууд ажлын байртай болох боломжтой нарийн мэргэжлүүдээр сургаж, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж, сургалтын орчинд дадлага хийлгэж байгааг Г.Баярсайхан сайд хэлэв.

Тэрбээр, “Коллеж, МСҮТ-д мэргэжил эзэмшсэн ур чадвартай тогооч сард 2-3 сая төгрөг, гагнуурчин 1,5 сая төгрөгийн цалин авдаг бөгөөд хөдөлмөрийн зах зээл дээр байнга эрэлттэй байдаг. Тиймээс хүүхэд, залуусыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон” хэмээв.

Уг хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүсэл сонирхолд тулгуурлан зөв мэргэжлээ зөв сонгоход зөвлөгөө өгч, мэргэжлийнхээ талаар тодорхой хэмжээний мэдээлэл авахад нь дэмжлэг үзүүлэх аж. Хөтөлбөрийг  нийслэлийн дүүрэг, аймгийн Хөдөлмөрийн хэлтсээрээ дамжуулан хэрэгжүүлэх аж. Мөн хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлийн талаар мэдээлэл өгөх www.mergejil.mn цахим хуудас нээсэн байна. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийнх нь ажил олдохгүй байгаа иргэдэд өөр мэргэжил эзэмшихэд нь туслах аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ