“Дэлхийн номын өдөр” Дундговь аймагт баярын жагсаалаар эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-23 14:24:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн Төв номын сангаас Олон улсын "Дэлхийн номын өдөр"-т зориулсан үйл ажиллагаа өнөөдөр өглөө баярын жагсаалаар эхэлж, иргэд, олон нийтэд ном уншихыг уриаллаа. 

НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

Тиймээс Дундговь аймагт энэхүү өдөрт зориулан "Олуулаа уншья-Номтой нөхөрлөе" аяны нээлт хийж, баярын жагсаал зохион байгуулсан аж. Анх удаа зохион байгуулж байгаа энэхүү жагсаалыг байгууллага аж ахуйн нэгж, иргэд өргөнөөр дэмжин 24 байгууллагын 253 иргэн, сургуулийн сурагчид, төрийн албан хаагчид оролцсон байна.

Энэ өдөр "Цэрэг эх орон танаа" богино өгүүллэгийн уралдааны шагнал гардуулах ёслол, иргэдийн дунд АХА болон Алтан хонх танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд “Шилдэг уншигч”-аар шалгарсан МХГ-ын байцаагч Н.Мөнгөнцэцэг, Эрдмийн далай цогцолбор сургуулийн  8г ангийн сурагч С.Нарантөгөлдөр нарт "Номын сайн нөхөр" үнэмлэх гардуулжээ. 

Холбоотой мэдээ