С.Чинзориг: Байгууллага орон тоондоо тохируулан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах ёстой

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-04-23 17:56:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗГХЭГ, 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурал өнөөдөр болов. Энэ удаагийн цахим хурлаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгамдсан асуудлыг хэлэлцэв.


Хуралд ХНХ-ын сайд С.Чинзориг, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч С.Баатаржав зэрэг яам, агентлагийн төлөөлөл оролцсон юм.



Орон нутгийн удирдлагуудын хувьд, хэд хэдэн асуудлыг төр, засгийн түвшинд анхаарах шаардлагатай байгааг хэлж байлаа. Тухайлбал, Азийн хөгжлийн банк, Засгийн газартай хамтарсан төслийн хүрээнд зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төв байгуулах ажил хэзээ эхлэхийг асууж байв. Энэхүү сонгогдсон зургаан аймагт барих Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих төвийн барилгын зураг төслийг энэ оны зургадугаар сард багтаан дуусгаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөснийг ХНХ-ын сайд С.Чинзориг тайлбарласан юм.


Хөдөлмөрийн тухай хуулийн 111-д 25 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага ажилтан, албан хаагчдынхаа дөрөв ба түүнээс дээш орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаар хуульчилсан байдаг. Гэвч энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байгааг салбарын сайд тодотгоод, хуулийн энэ заалтыг орон нутагт хэрэгжүүлэхийг үүрэг болгов. Мөн тэрээр, "төсвийн байгууллагад ажлын байрны төлбөр төлөх санхүүгийн боломжгүй байна" гэсэн зарим аймгийн дарга нарын тайлбарыг үгүйсгэв. Ажлын байрны төлбөр төлөхөд анхаарах биш, байгууллага өөрт байгаа орон тоондоо тохируулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах ёстой гэсэн юм.


Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарал хандуулж байгааг дурдаад, тэднийг асарч халамжилж байгаа ар гэрийнхнийг нь ажилтай болгоход орон нутгийн удирдлагууд анхаарах хэрэгтэйг хэллээ. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг харгалзах хүнтэй байлгах шаардлагатай тул, орон нутгийн боломжид тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусгай анги, танхим нээхийг чиглэл болгов. Ингэхдээ дэлхий нийтээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгаарлах бус, нийгэм, хамт олны дунд байлгахыг чухалчилж байгаад анхаарал хандуулахыг хүслээ.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг онцолсон. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд тусгайлан анхаарал хандуулж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг шинээр байгуулсан. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийг дээрх агентлагийн дэргэд ажиллуулах шийдвэр гаргасан.


Мөн Засгийн газраас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар 27 сая ам.долларын өртөгтэй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.


2018 оны байдлаар, улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 105,691 иргэн байгаа бөгөөд үүний 30748 нь хөдөлмөр эрхэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 44 хувь нь төрөлхийн, 56 хувь нь олдмол, 20,4 хувь нь хөдөлгөөний, 19,3 хувь нь сэтгэцийн, 12,1 хувь нь хэл, яриа, сонсголын, 10,9 хувь нь харааны бэрхшээлтэй иргэд байна. 


Холбоотой мэдээ