Төвийн нутгаар хур тунадас орно

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-04-24 16:22:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шөнөдөө нутгийн төв, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн зүүн хагаст  хүйтэн хононо гэж Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, тариаланчид, ард иргэдэд мэдээлэв.


Энэ сарын 26, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи 27-нд зарим газраар секундэд 12-14 метр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар  бага зэрэг сэрүүснэ.

Холбоотой мэдээ