Уламжлалт анагаах ухааны олон улсын хуралд Эрүүл мэндийн сайд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-04-25 11:54:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Эрүүл мэндийн яам болон ДЭМБ хамтран зохион байгуулж буй Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний Олон улсын хоёрдугаар хурал Истанбул хотноо энэ сарын 24-нд эхэллээ.


Энэ удаагийн хуралд 40 гаруй улс орны Эрүүл мэндийн сайд, дэд сайд болон өндөр түвшний төлөөлөл, олон улсын байгууллага, хөгжлийн агентлаг, төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид нийт 2000 орчим төлөөлөгч оролцож байна.

Хурлыг нээж БНТУ-ын Тэргүүн хатагтай Эмине Эрдоган, Эрүүл мэндийн сайд Фахреттин Коча, ДЭМБ-ын Европын бүсийн төлөөлөл үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
Тус хурал нь уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн тогтолцооны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болгож, эрүүл мэндийн үйлчилгээний шатлал бүрт тусламж, үйлчилгээ үзүүлэх арга зам, зонхилон тохиолдох архаг өвчнийг уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны аргуудаар урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээнд тулгарч буй сорилт, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, боломжийг хэлэлцэж, харилцан санал солилцох зорилготой.

Мөн ДЭМБ-ын Уламжлалт анагаах ухааны 2014-2023 оны стратегийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, үйл ажиллагаа, сайн туршлага, судалгааны үр дүнгийн мэдээлэл солилцох, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг сайжруулахад тулгамдаж буй асуудлууд, түүнд чиглэсэн хөтөлбөр, стратегийн чиглэлийг хэлэлцэх юм.


Хуралд оролцох үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Турк Улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кочатай албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов. Уулзалтад Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болд болон Истанбул дахь Ерөнхий консулын газрын төлөөлөл байлцлаа.

Уулзалтын эхэнд сайд Фахреттин Коча хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНТУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн дагуу хөгжиж ирснийг танилцуулж, цаашид хоёр улсын ЭМЯ ажлын хэсэг байгуулж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний олон улсын хурлыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, хоёр улсын ЭМЯ-ны зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулахыг дэмжиж байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ цаашид 5000 гаруй жилийн түүхтэй Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэг, туршлагаас харилцан суралцах, эмч мэргэжилтэн солилцох зэргээр хамтран ажиллах боломжтой болохыг хэллээ.
Уулзалтын явцад Эрүүл мэндийн сайд нар хоёр улсын анагаах ухааны их сургуулиудын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах, эм эмийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нийлүүлэх, эмч мэргэжилтнийг сургалтад хамруулах зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд Фахреттин Кочаг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьснаар уулзалт өндөрлөв. 


Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний хурал 4 өдөр үргэлжилнэ гэж ЭМЯ мэдээлэв.   
 

 

 

Холбоотой мэдээ