М.Билэгт: Уул уурхайн ус бохирдуулсан төлбөрийг багасгаж болохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-25 16:13:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Гэвч УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын саналаар хэлэлцүүлгийг дахин хойшлууллаа.


Өнгөрсөн долоо хоногийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгийн хуралдаанаар эл төслийг дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж, завсарлуулаад байв.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлэх болсон. Тухайлбал, Улаанбаатар хотын үйлдвэрүүдийн хаягдал, Төв цэвэрлэх байгууламжийн ачааллаас үүдэн Туул гол ихээхэн бохирдоод буй юм. Тиймээс ус бохирдуулсны төлбөр авах зохицуулалтыг хуулийн төсөлд тодорхой тусгажээ. Хуулийг хэрэгжүүлснээр ус бохирдуулсан аж ахуйн нэгжүүдээс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум төгрөгийн төлбөр авах боломжтой хэмээн Засгийн газар үзжээ. Мөн уг төлбөрийн 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Ажлын хэсгээс хуулийн төслийн 19.1 дэх хэсгийн хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг тодорхойлсон хэсгийг өөрчлөн найруулж, төсөлд 19.2.4 дэх заалт шинээр нэмэх 22 дугаар саналын томьёоллын “хэмжил зүйн мэргэжлийн байгууллагыг томилох” гэснийг  “хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын эрх олгох”  гэж өөрчилжээ.  Мөн төслийн 22 дугаар зүйлд хүн, мал эмнэлгийн оношлогоо, эмчилгээ, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, улсыг батлан хамгаалах үйл ажиллагаанд болон худалдаа, үйлчилгээнд зөвхөн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн хэрэгслийг хэрэглэх, үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэсэн заалт шинээр нэмэх томьёолол бэлтгэсэн байна. Энэ заалттай холбогдуулан Зөрчлийн тухай хуульд дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зааж өгчээ.

Хэлэлцүүлгийн үеэр, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ж.Тогтохсүрэн, “Бүлгийн хуралдаанаар, гишүүд нэгдсэн ойлголттой болсон. Тиймээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх боломжтой” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт, хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, “Хуулийн төслийн үзэл баримтлалд Байгаль орчны итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр ус бага бохирдуулсан уул уурхайн төлбөрийн 50-60 хувиар бууруулахаар заасан байна. Мөн 300 толгойгоос дээш бэлчээрийн малтай малчин өрх, 1 га талбайгаас их хэмжээний газар тариалангийн аж ахуйгаас төлбөр авна хэмээн заасан. Энэ бол хариуцлагагүй уул уурхайг дэмжиж, дутуугаа малчин, тариаланчдаас татвар авах оролдлого” гэдгийг онцлоод, дээрх зохицуулалттай санал нийлэхгүйгээ тэмдэглэв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, дээрхтэй нэг саналтай байгаагаа илэрхийлээд, Байгаль орчны итгэмжлэгдсэн лаборатори ус бохирдуулж байгаа ААН бүрт шинжилгээ хийх хүчин чадал, боломж байхгүйг мөн онцлов.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, “Зарчмын хувьд ус бохирдуулсан ААН бүр төлбөр төлөхдөө ялгамжгүй байх ёстой. Харин уул уурхайн төлбөрийг багасгаж байгаа нь маш буруу. Гэр хорооллын иргэн нэг литр усыг нэг төгрөгөөр төлдөг ч уурхайнууд түүнээс бага мөнгө төлдөг. Энэ мэт буруу зохицуулалт ихээхэн санаа зовоож байна. Тиймээс дараагийн хэлэлцүүлэг хүртэл ажлын хэсэг дээрх асуудлыг засаж залруулах хэрэгтэй” гэлээ. Мөн тэрээр, Байгаль орчны итгэмжлэгдсэн лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарах ёстойг тодотгов.

Мөн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир уг хуулийн төсөлд зарим гишүүд нэгдсэн ойлголтод хүрээгүй тул, төслийг дахин харах хэрэгтэй онцолж, хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргав. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналыг гишүүдийн олонх дэмжлээ.

Холбоотой мэдээ