Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллыг бий болгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-25 16:02:29

Ховд /МОНЦАМЭ/. Де Нейчэ Консерванси (TNC) байгууллагаас “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.  

Төслийн хүрээнд Де Нейчэ Консерванси (TNC) байгууллагаас жижиг төслийн уралдаан зарласан бөгөөд Ховд аймгийн Дарви, Чандмань сумын зарим багийн Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүд төсөл хэрэгжүүлэхээр шалгарчээ.

Тухайлбал, Дарви сумын Мөрөн багийн "Сутайн баялаг мөрөн" нөхөрлөл “Зулзаган төгөлийн хамгаалал ба хогийн менежмент” төсөл хэрэгжүүлэх бол  тус сумын Мөнгөн аяга багийн "Тунгалаг урт" нөхөрлөл “Нутгийн брэнд ба бөхөнгийн мониторинг” төсөл  бие даан хэрэгжүүлж, хамтын хүч, эв нэгдэл, зохион байгуулалтын цар хүрээ, үр нөлөө нь ямар ач холбогдолтой байж болохыг үлгэрлэн харуулахаар зорьж байна.

Эдгээр төслийн нээлт энэ сарын 23-24-нд боллоо. Дарви сумын Мөрөн багийн “Нөхөрлөж хамтаръя, нутаг усаа хамгаалъя” уриатай Байгалийн нөөцийн хамтын менежментийн “Сутайн баялаг мөрөн” нөхөрлөл нь 27 өрхийн 50 гаруй гишүүнтэй бөгөөд TNC байгууллагын 4 сая төгрөгийн буталтгүй санхүүжилтээр “Зулзаган төгөлийн хамгаалал ба хогийн менежмент” төслийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ.

Тухайн төслийг хэрэгжүүлэхдээ, тус сумын “Сутай хайрхан” эко баазын дэргэдэх Шавартын ам хэмээх газрын 3 га талбайд ургаж буй зулзаган модыг торлож хамгаалах бөгөөд нутгийн иргэдийг хогоо ангилж ялгахыг уриалж, хэвшүүлэн “Хог хаягдлыг ангилах ялгах цэг” бий болгохоор төлөвлөж байгаа юм. Төслийн үр дүнд нөхөрлөлийн гишүүд, малчид нэгдэн, хамтын хүчээр байгалийн унаган төрхийг хэвээр хадгалах, хамгаалах, ногоон орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэж албаныхан онцоллоо.

Үүнээс гадна Дарви сумын Мөнгөн аяга багийн Байгалийн нөөцийн хамтын менежментийн “Тунгалаг урт” нөхөрлөл нь 20 орчим өхийн 40 гаруй гишүүнтэй бөгөөд TNC байгууллагын 4 сая төгрөгийн буцалтгүй хөрөнгө оруулалтаар “Нутгийн брэнд бүтээгдэхүүн ба бөхөнгийн мониторинг” төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Төсөл хэрэгжсэнээр тус нөхөрлөлийн өрхүүд тогтмол орлоготой болж, уламжлалт сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээг орчин үеийн техник технологитой хослуулан үйлдвэрлэнэ. Н
өхөрлөлийн нэг өрх өдөрт дунджаар 20 кг аарц бэлтгэн төрөл бүрийн хэлбэр, хэмжээ бүхий ааруул хийж аймаг, сумандаа борлуулж, нутгийн брэнд бүтээгдэхүүн болгохоор зорьж байгаа гэнэ. Улмаар хариуцан хамгаалж байгаа нутаг дэвсгэр дээр бөхөнгийн талаар судалгаа явуулж, хужир шүүгээр хангах ба идэвхтэн байгаль хамгаалагч, нутгийн иргэд, малчид хяналт тавьж ажиллах юм. Энэхүү төслийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 23-наас наймдугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх аж. 

TNC байгууллагын зүгээс эдгээр жижиг төслүүдээр дамжуулан Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн гишүүд болох жирийн малчид, орон нутгийн бусад оролцогч талуудын хамтын оролцоо хангагдаж, улмаар хамтарч ажилласнаар сумын байгаль хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулахын сацуу нөхөрлөлийн гишүүдийн амьжиргааны боломжийг нэмэгдүүлэх давуу талтай гэж үзэж байна.




Холбоотой мэдээ