Японы эзэн хаан сүүлчийн албан ёсны арга хэмжээндээ оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-26 14:54:48

ТОКИО. /NHK/. Баасан гарагт Японы эзэн хаан Акихито, түүний гэргий Мичико нар Парламент музейд зохион байгуулсан байгаль орчныг хамгаалагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцжээ.


Эзэн хаан дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ буухын өмнө Эзэн хааны ордны гадна оролцсон сүүлчийн арга хэмжээ энэ болжээ. “MIDORI” хэмээх шагналыг ургамал судлал, байгаль орчныг хамгаалах чиглэлд амжилт гаргасан хүмүүст олгодог байна.


Жил бүрийн тавдугаар сарын 4-нд тэмдэглэдэг ногоон байгалийн өдрийг тохиолдуулан олгодог энэхүү шагналыг 2007 оноос гардуулж эхэлжээ. Эзэн хаан, гэргийн хамтаар уг арга хэмжээнд жил бүр оролцсоор ирсэн юм.


2019 оны шагналын эзнээр Хажимэ Кошимизү болон Масахиро Яно нар тодорсон байна. Шагнал гардуулах ёслолын дараа зохион байгуулсан хүлээн авалтын үеэр эзэн хаан болон түүний гэргий шагнал хүртсэн хүмүүстэй уулзжээ. 


Эзэн хаан Акихито энэ сарын 30-нд хаан ширээнээсээ бууж, угсаа залгамжлах хунтайж Нарүхито дараагийн өдрөөс эхлэн түүний албыг үргэлжлүүлэн хаших юм.

Холбоотой мэдээ