Сард 100 мянга гаруй хүнд үйлчилдэг автобусны жолооч
LIFESTYLEУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үүрийн гэгээ цайхаас үдшийн бүрэнхий хүртэл нийслэл хотоо хөндлөн гулд тойрдог нийтийн тээврийн жолооч нар өдөрт хэдэн км зам туулж, хэчнээн хүнд үйлчилдэг талаар уншигч та сонирхож байна уу. Тэгвэл нийтийн тээврийн автобусны жолооч хагас өдөрт дунджаар 129 км замд, 500 гаруй хүнд үйлчилдэг байна.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Тэнүүн-Огоо” ХХК-ийн жолооч Г.Өлзий-Очироос энэ тухай сонирхсон юм. Тэрээр, Сансарын Ч4 чиглэл буюу Таван шарын буудлаас Сансарын тойрог хүртэлх замд үйлчилдэг. Өдөрт хоёр ээлжээр, нэг ээлжиндээ дунджаар зургаан удаа эргэлт хийж, нийт 129 км замыг туулдаг аж. Нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобусны жолооч сард дунджаар 18 хоног ажилладаг. Иймд сард 2320 км, жилд дунджаар 25 520 км зам туулдаг байна. Харин нийтийн тээвэрт ажилласан 26 жилээр нь тооцвол, Монгол орноо хөндлөнгөөр нь 138 удаа тойрох хэмжээний буюу ойролцоогоор 663 520 км замаар иргэдийг тээвэрлэжээ.
“Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ашиглалтын албаны дарга Ц.Мөнхжаргал хэлэхдээ, “Нийтийн тээврийн жолооч нарын үйлчилгээг ухаалаг үйлчилгээний Т-box программаар хянадаг бөгөөд манай жолооч Г.Өлзий-Очир 4 дүгээр сарын 1-28-ныг хүртэлх хугацаанд 9585 иргэнд үйлчилсэн байна. Энэ хугацаанд нэг сая 599 мянга 200 төгрөгийн орлого оруулсан” хэмээн тодотгосон юм. Тиймээс Г.Өлзий-Очир сард дунджаар 100 мянга гаруй хүнд үйлчилдэг хэмээн тооцоолж болох юм байна.
Г.Өлзий-Очиртой хийсэн ярилцлагыг энд дарж уншина уу.