Г.Өлзий-Очир: Жилд дунджаар 25 мянган км зам туулдаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГАУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийнхний амьдралыг нийтийн тээврийн үйлчилгээгүйгээр төсөөлшгүй билээ. Тиймээс энэ удаагийн ярилцлагын зочноор “Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобусны жолооч Г.Өлзий-Очирыг урилаа.
Тэрээр өдгөө нийтийн тээврийн салбарт хамгийн олон буюу 26 жил хөдөлмөрлөж буйгаараа энэ салбарын хүндтэй төлөөлөгчдийн нэг юм. “Осолгүй манлай жолооч”, “Онц тээвэрчин”, “Ахмад тээвэрчин”, Нийслэлийн бөгөөд хот хоорондын зорчигч тээврийн алтан жолооч” цомын эзнээр тус тус шалгарч байжээ.
-Анх хэрхэн автобусны жолооч болж байв?
-Манай нэг ах автобус барьдаг байсан юм. Би автобусны урд, жолоочийн хажууд явах дуртай байлаа. Тэр үеэс л сонирхож эхэлсэн юм. 1977 онд цэрэгт явж, 1980 онд халагдсан. Төмөр замын баазад даргын жолооч хийж байгаад, 1997 оноос нийтийн тээвэрт ажиллаж эхэлсэн юм.
-Таны ажлын цаг хэдэд эхэлдэг вэ?
-Үүрийн гэгээ цайхаас үдшийн бүрэнхий хүртэл хоёр жолооч ээлжилдэг. Эхний ээлж өглөө 6 цагаас өдөр 15 цаг хүртэл, дараагийн ээлж 15 цагаас 22:05 цагт буудаг.
-Автобусны жолоочийн онцлог юу вэ?
-Баяр ёслол, цаг агаарын ямар ч нөхцөл байдлыг үл харгалзан нийтийн тээврийн үйлчилгээгээр иргэдийг хангах нь бидний ажлын онцлог юм.
-Нэг чиглэлд явахдаа хэдэн удаа тойрдог вэ?
-Нэг чиглэлд 6-8 удаа тойрдог. Гэхдээ замын түгжрэлээс их зүйл шалтгаална. Уг нь талдаа 50 минут явах ёстой. Тухайлбал, Хорооллын эцсийн буудлаас Сансарын эцсийн буудал хүртэл 50 минут зарцуулдаг. Гэтэл хүн ам, машин техник их болсон, замын түгжрэлээс хамаарч 3-4, заримдаа 4-5 эргэлт хийдэг.
-Та өдөрт нийт хэчнээн км зам туулж байгаагаа тооцож үзсэн үү?
-Би Сансарын Ч4 чиглэлд явдаг. Манай чиглэл Таван шарын буудлаас Сансарын тойрог хүртэл явдаг. Ингэхэд талдаа 21.5 км зам туулна. Үүнийг өдөрт 6 эргэлт гэж бодохоор120 гаруй км газар явна. Бид хоёр хоног ажиллаад 2 хоног амардаг. Сард 18 хоног ажиллана. Ингэхээр сард дунджаар 2320 км, жилд дунджаар 25 520 км зам явдаг тооцож болно.
-Энэ хугацаанд хэчнээн автобус сольж барив. Автобусны эвдрэл хэр байдаг вэ?
-1997 оноос хойш өнөөг хүртэл 3 маркийн автобус барьж байна. Анх Оросын Лаз 695, дараа нь БНСУ-ын Daewoo 106, гурав дахь нь мөн Солонгосын Daewoo 540 маркийн сайхан автобус барьж яваадаа бахархдаг. Манай компани цаг тухайд нь автобусны засвар үйлчилгээг чанартай хийж өгдөг. Бид даваа гүвээ давахгүй, хар замаар тойроод явдаг болохоор автобусны эвдрэл бага байдаг юм.
-Өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж байгааг тооцох арга байх уу?
-Манай автобус 36 хүний суудалтай. Заалны голоор буюу урд хаалганаас хойд хаалга хүртэлх зайнд 30-40, заримдаа 50-60 хүн ч явна. Дунджаар 40 хүн гэж бодоход өдөрт 400 гаруй хүнд үйлчилдэг гэж болох юм.
-Ажлаараа бахархах содон сонин үйл явдал тохиолдож байв уу?
-Баяр ёслол болон цаг агаарын байдлыг харгалзахгүйгээр нийтэд үйлчилдэг. Шаардлагын дагуу өглөө ажилдаа гарна. Иргэд, зорчигчийн аюулгүй байдлыг ханган нэг хүнд биш 20, 30, 40 хүнд үйлчилж байгаадаа баяртай явдаг. Зорчигчидтойгоо сэтгэл гаргаж, зөв боловсон харьцахыг нэн эрхэмлэдэг. Нийслэлийн хөдөлмөрчид, иргэд болон нийтийн тээврийн хамт олондоо баярлаж явдаг даа.
-Автобусанд хулгай зэлгий нэлээн гардаг нь нууц биш. Өмнө нь кондукторт ханддаг байсан бол одоо жолоочид л хандаж байгаа байх?
-Хүмүүс мөнгө цаас, түрийвчээ алдах нь харьцангуй гайгүй болсон. Харин сүүлийн үед гар утас алдах нь элбэгшсэн. Тийм тохиолдолд, ойр орчмын автобусны буудлын ойролцоох цагдаад ханддаг. Чанга яригчаараа болгоомжтой явахыг зорчигчиддоо анхааруулдаг. Хүний юм авсан хүн чинь бушуухан буугаад явчихдаг. Саяхан нэг зорчигч фэйсбүүкт, “Автобусны жолооч нар сууж байгаа хүнээ хянаж баймаар юм. Өвчтэй, солиотой хүнд нүүр ам руугаа цохиулах шахлаа. Тийм хүмүүсийг автобусанд суулгахгүй баймаар юм” гэж бичсэн байсан. Тэгэж ч болохгүй л дээ. Нийгмийн захиалгат үйлчилгээ учраас автобусанд ямар ч хүн сууж болно.
-Автобусаар янз бүрийн хүн үйлчлүүлдэг болохоор, өвдөж сандарсан хүмүүст туслах үе ч гардаг байх?
-Нэг удаа, 2000 онд дунд эргэм насны эмэгтэй толгой нь эргээд ухаан алдаж унасан. Нэг зорчигчоос тусламж хүсэж, хоёулаа хойд сандал дээр хэвтүүлсэн. Тэр үед би Таван шарын буудлаас Гэмтлийн эмнэлэг өөд өгсөж явсан юм. Тэгээд Гэмтлийн буудал дээр ирэхэд түргэний тэрэг байж таарсан. Санаандгүй таарсандаа маш их баярлаж, харалдаа нь очиж зогссон. Автобусны хойд хаалгыг онгойлгож, дамнуургаар тэр хүнийг аваад явсан. Дараа нь тэр эмэгтэйтэй таарахад, “Танд маш их баярлалаа” гэж талархсанаа хэлэхэд нь сайхан л санагдаж байв.
-Кондукторгүй болсон нь автобусны жолоочийн ажилд нөлөөлж байна уу?
-Одоогоос 20 гаруй жилийн өмнө автобусанд кондуктор бэлэн мөнгө хураадаг байсан бол, сүүлийн 5 жилээс смарт буюу ухаалаг үйлчилгээ нэвтэрсэн. Смарт үйлчилгээнд шилжсэнээр жолоочийн хариуцлага улам нэмэгдсэн ч жолоочид хүндрэлтэй зүйл гардаггүй. Өмнө нь зорчигч автобусны хойд хаалгаар ороод, урд хаалгаар буудаг байсан бол одоо эсрэгээрээ болсон нь харин ч жолооч бидэнд амар болсон. Зорчигчид их ухамсартай болсон шүү дээ, орж ирээд шаардуулахгүйгээр смарт картаа уншуулдаг.
-Ингэхэд өнөөгийн зорчигчид хэр соёлтой үйлчлүүлж байна вэ?
-Хааяа халамцуу зорчигч орж ирэх үе бий. Тийм үед, зорчигчдын амгалан байдлыг бүү алдагдуулаарай хэмээн аль болох эвтэйхэн хэлэхэд, хүндрэл учруулаад байх нь гайгүй байдаг.
-Та нэг чиглэлд байнга явахаар уйддаг уу?
-Бүр дасчихсан болохоор уйддаггүй юм. Манай чиглэл хоёр ээлжтэй. Нэг чиглэлдээ ээлжилж нэг долоо хоног өглөө, нэг долоо хоног орой явдаг.
-Автобусны хоорондох зай хэдэн минут байдаг вэ. Зарим үед удаан хүлээсэн иргэд бухимдах байдалтай харагддаг?
-Хоёр автобусны хоорондын зай зургаан минут байдаг. Гэхдээ замын түгжрэл их садаа болж байна. Механикжсан тээврийн хэрэгслийн жижиг тэрэг нэгдүгээр эгнээгээр явах ёсгүй. Төр засаг “Нийтийн тээврийн автобус зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчино" гэсэн хууль дүрэм гаргасан. Гэтэл дүрэм зөрчдөг жолооч нар байдаг гэдгийг нуухгүй.
-Автобусны жолооч огцом тоормослох үед зорчигчид их бухимддаг. Уг нь энэ нь хориотой биз дээ?
-Тийм ээ, огцом тоормос гишгэх хориотой. Түүнээс болж зорчигч урагш унаж мөргөх, нүүр амаа гэмтээх, ойчих аюултай. Тиймээс хатуу хориглодог.
-Зорчигч эд зүйлээ мартах тохиолдол хэр гардаг вэ?
-Нэг чиглэлд байнга явсаар байгаад зарим зорчигчийг андахаа больсон, тэд ч намайг таньдаг. Заримдаа ямар хүн хаанаас сууж, хаана буудгийг нь хүртэл мэддэг болдог юм байна. Зарим зорчигч хаяг харахгүй орж ирээд, таныг хараад л суучихлаа гэж байдаг юм. Зорчигч тортой зүйл, малгай, бээлийгээ мартах тохиолдол гардаг. Зарим ухамсаргүй зорчигч аваад буух тохиолдол бий. Хэрвээ байж байвал кабиндаа тавиад, дараа нь өгдөг. Сургуулийн хүүхдүүд цүнх, ууттай биеийн тамирын хувцсаа их орхидог. Тийм тохиолдолд, орхисон зүйлийнх нь зургийг авч, мэдээлэл хурдан түгдгээр нь фэйсбүүкт тавьдаг.
-Замын түгжрэлийг бууруулахын тулд ямар ажил хийх хэрэгтэй гэж та боддог вэ?
-Би иргэдийг нийтийн тээврийн автобусаар илүү үйлчлүүлээсэй гэж боддог. Тэгвэл замын түгжрэл арай л багасна. Нийтийн тээвэр сайхан шүү дээ.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Алтан шар зам тань өлзийтэй байг ээ.
-За, баярлалаа.