“Нарны хүүхдүүд” сурагч солилцооны төсөл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-04-29 14:50:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ГБХЗХГ, Дорнод аймгийн ГБХЗХГ-тай хамтран "Нарны хүүхдүүд" сурагч солилцоо төслийг амжилттай хэрэгжүүлж эхэллээ. Хоёр үе шаттай хэрэгжих уг төсөлд хоёр аймгийн 20 сурагч хамрагдаж байгаа  юм. Тэд долоо хоногийн хугацаанд харилцан туршлага солилцоно. 

Тодруулбал, Дорнод аймгийн таван сургууль, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар БДС-аас бусдыгаа сурлага, урлаг, спортоор манлайлсан арав, арван сурагчийг сонгон хамруулжээ. Сурагчид аймаг орон нутгийн бүтээн байгуулалт,  ёс заншил, түүх, өв соёлоос суралцан, үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөн, тэднээс суралцаж, туршлага судлан, хамтран суралцах юм байна.

Дорнод аймгийн ГБХЗХГ нь “Нарны хүүхдүүд” сурагч солилцооны төслийг 2015 оноос хойш хэрэгжүүлж байна. Төсөл маань орон нутагтаа суралцаж, хөгжиж буй хүүхдүүдээ хөрш зэргэлдээх аймаг болон гадаадын улс орны хүүхэд багачуудтай туршлага солилцох, өөрийн аймаг орон нутгийн түүх, өв соёлыг бусдад сурталчлах, бусад улс, аймгийн соёлоос суралцаж ирээд түүнийгээ бусаддаа түгээх үндсэн зорилготой. Энэ удаад анх удаа Сүхбаатар аймагтай хамтран ажиллаж байна гэж Дорнод аймгийн ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан хэллээ.

Дорнод аймгийн ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч О.Оюун сэтгэгдлээ хуваалцахдаа, төсөлд хамрагдаж анх удаа Сүхбаатар аймагт ирлээ. Үнэхээр сайхан нутаг юм. Сүхбаатарын хүүхдүүд, үе тэнгийн найзууд ч үнэхээр халуун дотно хүлээж авсанд баяртай байна. Долоо хоногийн хугацаанд аймаг орон нутагтай нь сайн танилцаад очоод аймгийнхаа, сургуулийнхаа найзуудад олон сайхан зүйлсийг нь хуваалцах болно гэлээ. 

Холбоотой мэдээ