Улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-30 17:24:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас зохион байгуулсан Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваанд амжилттай оролцсон багш, сурагчдыг шагналаа. 

Уг олимпиадыг 14 судлагдахууны 62 төрлөөр зохион байгуулж нийт 988 сурагч, 644 багш оролцжээ. Тэдгээрээс техник технологийн гурвын давааны олимпиадад оролцсон багш нараас Есөнбулаг сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн багш Ж.Энхбаатар улсад түрүүлж, ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Б.Хишигбаяр гуравдугаар байр, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн сурагч Б.Анударь тавдугаар байр, биологийн улсын олимпиадад  гуравдугаар сургуулийн багш Д.Тунгалаг тусгай байр эзлэн амжилттай оролцсон байна.

Улсын төрөлжсөн олимпиадын шагналыг УИХ-ын гишүүн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ивээн тэтгэж сурагчийн 30 төрөл, багшийн 14 төрлийн олимпиадын эхний гурван байрт шалгарсан 90 сурагч, 43 багшийг нийт долоон сая төгрөгөөр ивээн тэтгэсэн юм. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны Ш.Раднаасэд Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ багш, сурагчдад амжилт хүсч шагналыг гардуулсан юм.

Холбоотой мэдээ