Ивана Чаббакийн "Дүр бүтээх урлаг" номын нээлтээр Холливудын фестиваль эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-01 16:35:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Холливуд Монголд" олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг "Хануй фильм" ТББ болон жүжигчин А.Баярцэцэг нарын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр нээж байна. Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж, кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байгааг нээлтийн ёслол харуулав. Холливудын алдартай "А" зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч, мэргэжлийн зөвлөгч багш Ивана Чаббак болон 15 нэр бүхий жүжигчин, мэргэжилтнүүд тайзнаа гарч, Монголын үзэгч, соёл урлагийн зочидтой мэндчилэн танилцлаа.


Холливудын зочид өөр өөрийн томруулсан зургийн хажууд Монголын жүжигчид, үзэгчидтэй зургаа татуулж ойр дотноор ярилцаж буй нь ихэд элгэмсүү байдлыг мэдрүүлж байв.


Ивана Чаббакийн "Дүр бүтээх увидас" номын нээлтээр Улаанбаатар хотод болох долоо хоногийн уран бүтээлийн өдрүүд эхэлж байна. Ивана Чаббак ч номынхоо нүүрэнд гарын үсгээ зурж, зочдод элэгсгээр мэндчилж байв. 



Өнөөдөр мэргэжлийн классик сургалт Ивана Чаббакийн лекцээр эхэлж, кино зохиол, найруулга, зураглал, жүжиглэлт, зураг эскиз, дууны өнгө хувиргалт зэрэг сэдвүүдээр тус тусын танхимд үргэлжилж байна. Үүнийг "Холливуд Монголд" нэгдсэн форум гэж нэрлэжээ. Өнөө орой 20.00 цагаас Шангри-Лагийн "Макс" кино танхимд "Apocalypto" кино үзүүлж гол дүрийн жүжигчин Rudy Youngblood-той ярилцлага хийнэ. Маргааш "Cinema Awards"-ын ёслол болж, Монголын шилдэг кинонуудыг үзүүлж, шилдгийг шалгаруулах бол 7-ны өдөр "Домгийн жимээр" дэлгэцийн уран бүтээлийн зураачдын үзэсгэлэн "MN Tower"-ийн Арт галарейд гарна. Форумын өдрүүдэд өндөр мэргэжлийн сургалтыг танхимд авахаас гадна кино зураг авах дадлагыг хөдөө орон нутагт хийх бөгөөд энэ үеэр үзэсгэлэнт газруудаар зочдоо аялуулах юм байна. 



Холбоотой мэдээ