“Рио 2016” олимпийн наадмын зохион байгуулах хороонд зочлов

Монголын мэдээ
mn_tuul@montsame.mn
2016-03-24 15:02:09

Бразилд суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас Рио 2016 зуны Олимпийн тоглолтод оролцох Монголын баг тамирчдаа байрлуулан бэлтгэл хангах клубээ сонгон олоход нь туслалцаа үзүүлжээ.

Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Үндэсний Олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан, Үндэсний шигшээ багийн албаны захирал Ц.Одонбаяр, Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн сэтгүүлч Д.Баярсайхан, зураглаач Б.Золоо нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 14-16-ний өдрүүдэд Бразил Улсын Рио дэ Жанейро хотод ажилласан байна. Ажлын хэсэг “Рио 2016” Олимпийн наадмын зохион байгуулах хороонд зочилж, олимпийн хотхоны үйл ажиллагаатай танилцжээ.

Түүнчлэн уг айлчлалын гол чухал арга хэмжээ нь “Рио 2016” олимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдын урьдчилсан бэлтгэл хийх “Clube dos funcionários” клубтэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан явдал байв. Эдгээр ажилд тус ЭСЯ туслалцаа үзүүлж ажилласан аж.

Б.Туул

Холбоотой мэдээ