Мазаалай баавгайг хамгаалах талаар гаргаж буй хичээл зүтгэлд талархал илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
batbold.sh@montsame.gov.mn
2019-05-03 15:16:01
@ShoovdorBatbold

БЭЭЖИН /Жэнминь Жибао/. "Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалт, БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийв.  Энэ хүрээнд БНХАУ-ын анхны зэрлэг ан амьтдыг хамгаалах технологийн гадаад тусламжийн төсөл, Хятадын анхны олон улсын төрийн бус байгууллагын хэлбэр бүхий хилийн чанад дахь олон нийтийн үйл ажиллагаа болох “Монголын мазаалайг хамгаалах болон Шинэ төрсөн дэлхийн уриалга” үйл ажиллагаа 4 дүгээр сарын 24-нд Бээжин хотноо болж, Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй монголын төлөөлөгчид оролцлоо. Мөн  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин оролцов. 

“Шинэ төрсөн дэлхий” холбооны нарийн бичгийн дарга Янжинь Жуома Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад төлөөлөгчдөд мазаалайг хамгаалах үйл ажиллагааны нөхцөл байдлын талаар танилцуулж хамтын ажиллагааны холбогдох бичиг баримтад гарын үсэг зурав. Хатагтай Янжинь Жуома, Хятадын олон улсын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Хилийн чанад дахь нөхөрлөлийн холбооны дэмжлэгтэйгээр “Шинэ төрсөн дэлхий” холбоо болон “Мазаалай” сан хамтран мазаалай ба байгаль экологийг хамгаалах олон нийтийн үйл ажиллагаануудыг  амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ нь дэлхий дээр устах аюулд өртөөд буй арван зэрлэг амьтдын нэг болох мазаалайг хамгаалах,  нийгмийн бүхий л салбарыг зэрлэг амьтан, байгаль экологио хамгаалахад уриалах, байгаль орчин хамгаалал, цөлжилттэй тэмцэх чиглэлээр Хятад улсын олж авсан амжилт, туршлагыг “Нэг бүс-Нэг зам”-ын дагуух орнуудад сурталчлан таниулах зорилготой хэмээн танилцуулав.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр гаргасан “Хамгаалалт болон шинэ амьдрал” сэдэвт зургийн үзэсгэлэнг үзэж, цөлжилттэй тэмцэх дэлхийн үйл хэрэгт Хятад улсын оруулж буй хувь нэмэр болоод Хятадын “Хөвч” элсэн цөлийн цөлжилтийг бууруулах үйл ажиллагааны бодит үр дүнг онцгойлон сайшаав. 

Мөн Х.Баттулга мазаалайг хамгаалах тухай сурталчилгааны бичлэгийг үзэж сонирхон Хятад улс байгаль орчин экологийг хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлээд цаашид Хятад улсын Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт байгаль орчин хамгаалал чиглэл рүү түлхүү байвал монголчуудын хувьд маш таатай байна хэмээлээ.  

Түүнчлэн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, мазаалайг хамгаалах хамтын ажиллагаа нь Хятад, Монгол хоёр орны хооронд байгуулсан “БНХАУ болон Монгол Улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-т тусгагдсан. 2018 оны 4 дүгээр сарын 18-нд Хятадын Засгийн газраас  Монгол Улсын мазаалай баавгайг хамгаалах технологийн төслийн хэрэгжилтийг дэмжих гэрээнд гарын үсэг зурсан. “Шинэ төрсөн дэлхий” холбоо болон хатагтай Янжинь Жуомагийн мазаалай баавгайг хамгаалж, амьдрах орчинг сайжруулах талаар гаргаж буй хичээл зүтгэлд гүнээ талархаж байна хэмээсэн юм. 

С.Очирсувд


Холбоотой мэдээ