Төв аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаанаар 8 асуудал хэлэлцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-04 18:04:08

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 7 дугаар хуралдаан 05 дугаар сарын 01-ний өдөр аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд боллоо.

Хуралдаанаар төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, цэргийн дүйцүүлэх албаны хяналтын тоо батлах тухай, төрийн дээд одон, медальд уламжлах тухай, “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилт, Батсүмбэр сумын Үдлэг, Жаргалант сумын Жаргалант, Борнуур сумын услалтын системийн өнөөгийн байдал, цаашдын ашиглалтын тухай, залуучуудын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэн үүрэгдсэн байна.

Тэргүүлэгчдийн 7 дугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр  хуралдуулахаар тов тогтоосон байна.

Ээлжит 13 дугаар хуралдаанаа аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл батламжлах, аймгийн нутаг дэвсгэрт бичил уурхай ажиллуулах газрыг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад авах тухай, тус аймгийн нутаг дэвсгэрт шашны сүм, хийд байгуулахад зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг шинэчлэн батлах тухай, Сэргэлэн сумын хилийн цэсийн асуудлаар санал уламжлах тухай  асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Төв аймгийн ИТХ, БНСВУ-ын Хоа Бинь мужийн Үндэсний Ассемблейн хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд тус аймагт ирэх Хоа Бинь мужийн Үндэсний Ассемблейн дарга Чан Танг Нинь тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авах арга хэмжээний бэлтгэл, зохион байгуулалт хариуцсан ажлын хэсгийг томилов. Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Батсуурийг томилжээ.

Цэргийн дүйцүүлэх албаны хяналтын тоо батлах тухай асуудлыг хэлэлцээд сумдад 2019 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог 45 байхаар тогтоож, тэдгээрийн цугларалтын үеийн хувийн бэлтгэлийн нормативын жагсаалтыг тус тус баталсан байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэдийн анхан шатны бэлтгэлийг хангуулах, холбогдох сургалт сурталчилгаа зохион байгуулах тухай шийдвэр гаргажээ. Тус шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авах болсон байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 7 дугаар хуралдаанаар 8 асуудал хэлэлцэж, 4 тогтоол батлан, хуралдааны 4 тэмдэглэлээр тухайн асуудлыг эрхлэх албан тушаалтанд үүрэг өгчээ.

 

 

 


Холбоотой мэдээ