АТГ-ын шинэ удирдлагуудыг томилсон долоо хоног

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-04 14:20:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг томилсон, “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын баг санал, дүгнэлтийг хүлээлгэн өгсөн, Засгийн газраас Хөгжлийн банкны ТУЗ-ийг шинэчлэх шийдвэр гаргасан зэргээр өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд үйл явдлууд өрнөв.  Ингээд  өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. 


АТГ-ын шинэ удирдлагууд үүрэгт ажлаа хүлээн авлаа



УИХ-ын чуулганы энэ сарын 2-ны ээлжит хуралдаанаар Ерөнхийлөгчийн саналын дагуу Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын даргаар З.Дашдавааа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томиллоо.


АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын нөхөн томилгооны бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа УИХ-д хүргүүлсээд байсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэр дэвшигчдийн ажил байдлын тодорхойлолтыг танилцуулж, тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасныг онцолсон юм.


Улс төрчид оффшор бүсэд мөнгө хадгалсан асуудал, “60 тэрбум”-ын хэрэг, ЖДҮХС-гийн зээлийн асуудлаас эхлээд олны анхаарлын төвд байгаа томоохон хэргүүдийг шуурхай судлан шийдвэрлэх шаардлагатай гэдгийг чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчдэд захив. Түүнчлэн мөрдөгч нарын орон тоог нэмэх, цалин, хангамжийг сайжруулах, улс төрөөс хараат бус ажиллах хэрэгтэй гэдгийг захиж байлаа. Нэр дэвшигч нар ч хуулийн хүрээнд шуурхай ажиллаж, олны анхаарлын төвд байгаа хэргүүдийг судлан шийдвэрлэж, улс төрөөс хараат бус байхаа илэрхийлсэн.


Чуулганаар АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 94.6 хувиар, дэд даргаар Ж.Батсайханыг 85.7 хувиар тус тус дэмжив. Хуралдааны дараа З.Давшдаваа, Ж.Батсайхан нар АТГ-ын өмнөх удирдлагуудаас тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо.



АТГ-ын шинэ дарга З.Дашдаваа нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн даргаар ажиллаж байжээ. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байсан юм.


АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан нь хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор цолтой. АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байжээ.


Хөгжлийн банкны ТУЗ-ийг шинэчилнэ



Засгийн газрын энэ сарын 3-ны хуралдаанаар, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, банкны менежментийг олон улсын туршлагатай багт хариуцуулах асуудлыг судлан шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав.


Мөн арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан юм.

2012-2016 онд "Чингис", "Самурай", "Евро" бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй компанийн зээлийг төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахыг мөн үүрэг болголоо.


Засгийн газрын 2019 оны 76 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын баг Хөгжлийн банкинд шалгалт хийж 62 зөрчил, дутагдал илрүүлсэн байна. Эдгээрийг арилгах, шалгалтын мөрөөр арга хэмжээ авах, шалгалтаар өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж, гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгасан юм.


Оюутолгойд хийсэн шалгалтын дүнг хүлээлгэн өглөө



“Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирт ажлын багийн санал, дүгнэлтийг хүлээлгэн өгөв.


Уг ажлын багийг өнгөрсөн оны гуравдугаар сард УИХ-ын даргын захирамжаар 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Ажлын баг өнгөрсөн хугацаанд Оюутолгойн орд газарт хэд хэдэн удаа ажиллаж, хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилт Монгол Улсын холбогдох хуульд нийцэж байгаа эсэхэд шалгалт хийсэн юм.


Энэ үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир шалгалтын дүнг ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн АТГ-аас Оюутолгой төслийн талаар дүгнэлт ирүүлснийг дурдлаа.


Нөхөн сонгуульд өрсөлдөх 11 намд батламж гардууллаа



Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт энэ оны зургадугаар сарын 30-нд болох нөхөн сонгуульд оролцох 11 намд батламж гардуулав.


УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрсөн оны зургадугаар сарын 11-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хүлээн авсан. Тиймээс УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль зохион байгуулах болсон юм. Нөхөн сонгуульд оролцохоор 13 нам СЕХ-нд хүсэлт хүргүүлсэн ч ИЗНН болон Монголын хүний төлөө намыг батламжлаагүй юм.


Учир нь, ИЗНН 2016 оны ээлжит сонгуулийн зардлын тайлан, холбогдох бусад баримт бичгийг Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлээгүй. Харин Монголын хүний төлөө нам нь Сонгуулийн тухай хуульд заасан бичиг баримтыг дутуу ирүүлжээ.


Ийнхүү Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд 11 нам өрсөлдөх боллоо. Үүнд:

-Хөдөлмөрийн Үндэсний Нам

-Ард Түмний Олонхын Засаглал Нам

-Монголын Ногоон Нам

-Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

-Ардчилсан Нам

-Монгол Ардын Хувьсгалт Нам

-Монгол Ардын Нам

-Дэлхийн Монголчууд Нам

-Монгол Консерватив Нам

-Зон Олны Нам

-Үнэн Ба Зөв Нам


Дээрх нам удахгүй нэр дэвшигчээ тодруулах бөгөөд СЕХ-ноос намын нэр дэвшигчдийг ирэх сарын 24-28-нд бүртгэнэ. Харин бие даан нэр дэвшигч тухайн тойргийн 800 гаруй хүний гарын үсэг цуглуулж, ирэх сарын 24-30-нд бүртгүүлэх боломжтой гэдгийг Нөхөн сонгууль зохион байгуулах ажлын багийн ахлагч Д.Баяндүүрэн мэдээлсэн юм.

Холбоотой мэдээ