Лаборатори нэгдүгээр сургуулийн “Нээлттэй хаалганы өдөр” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-06 12:40:11

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Алтангадас одонт Лаборатори нэгдүгээр сургуулийн “Нээлттэй хаалганы өдөр” боллоо.

Тус сургууийн хамт олон жил бүр сурагчдын эцэг эхчүүд, иргэдэд сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулдаг уламжлалтай. Өдгөө 95 дахь хичээлийн жилийн нээлттэй хаалганы өдрөө зохион байгуулснаараа онцлог байв.

Энэ үеэр үдийн цайны амталгаа явуулсан ба 1-12 дугаар ангийн сурагчдын сургалт, хүмүүжлийн тайланг олны хүртээл болгов. Мөн эцэг эхчүүдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, “Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх“ талаар мэргэжлийн сэтгэлзүйчийн лекцэд хамруулжээ.

Лаборатори нэгдүгээр сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилд 119 багш, ажилтантай, 57 бүлэгт 1845 сурагчтайгаар  үйл ажиллагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд “Эх хэл бичгээ дээдэлсэн, эрдэм мэдлэгтэй, авьяаслаг, эрүүл чийрэг, зөв монгол хүүхэд төлөвшүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлсэн байна.

Тус  сургууль III-IV ангийг 68 удаа, Х ангийг 57 удаа, XI ангийг 2 удаа, XII ангийг 9 удаа төгсгөж, 60 мянга гаруй  хүүхдэд бага дунд, бүрэн дунд боловсрол олгоод байна гэж сургуулийн захиргаанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ