“Булган марафон-2019” олон улсын нээлттэй тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-05-06 20:31:26

Булган /МОНЦАМЭ/ “Булган марафон-2019” олон улсын нээлттэй тэмцээн Булган аймгийн төв Цогт хун тайжийн талбайд боллоо.

Энэ жил гурав дахь удаагаа зохиосон “Булган марафон” тэмцээнд аймаг, хотын 10 гаруй багийн тамирчид өрсөлдсөн байна.

Тус тэмцээний 5000 метрийн зайд 12-17 насны эрэгтэйчүүдээс Тэшиг сумын тамирчин О.Золбаяр, Булган сумын спортын дунд сургуулийн тамирчин Б.Төгсбаяр, Орхон аймгийн тамирчин О.Отгонбаяр, эмэгтэйчүүдээс Дархан-Уул аймгийн тамирчин Э.Хонгорзул, мөн аймгийн тамирчин Ж.Нарангарав, Увс аймгийн тамирчин Б.Буяндэлгэр нар эхний байр эзэллээ.

Мөн 18-45 насны 21 км-ийн зайн гүйлтэд эрэгтэйчүүдээс “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Гантулга, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Одхүү, Булган аймгийн тамирчин Г.Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс “Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнхзаяа, Ч.Шинэцэцэг, Г.Хишигсайхан нар эхний гурван байрт орлоо.

Гүйлтийн 21 км-ийн зайд 46-гаас дээш насны эрэгтэйчүүдээс Увс аймгийн тамирчин П.Цэвээн, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн тамирчин Х.Энхболд, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн тамирчин Д.Дамдинжав, эмэгтэйчүүдээс Булган аймгийн тамирчин З.Нина, Улаанбаатар хотын “Үсрэлт баг”-ийн тамирчин Ж.Энхтайван, Орхон аймгийн тамирчин Ч.Пагмасүрэн нар эхний байрт шалгарлаа.

18-34 насны эмэгтэйчүүдийн 5000 метрийн зайн уралдаанд хувиараа өрсөлдсөн Д.Бадамхатан түрүүлж, Хөвсгөл аймгийн тамирчин З.Ганхишиг, “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Долгормаа, мөн насны эрэгтэй 10000 метрийн зайд “Алдар” спорт хорооны тамирчин М.Лхагвадорж, Булган аймгийн тамирчин Ж.Мягмарсүрэн, Орхон аймгийн тамирчин Н.Жандос нар эхний байрт оров.

35-49 насны 3000 метрийн зайн гүйлтэд эрэгтэйчүүдээс Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн тамирчин Д.Дашням, Зэвсэгт хүчний 016-р ангийн тамирчин Ч.Батжаргал, Говьсүмбэр аймгийн тамирчин Д.Ариунжаргал, эмэгтэйтэйчүүдээс Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн тамирчин Ч.Наранцацрал, аймгийн Шүүхийн Тамгын газрын тамирчин Б.Хонгорзул, Улаанбаатар хотын тамирчин Д.Тунгалагтамир нар эхний байрт шалгарав.

Тэмцээний 2000 метрийн зайн гүйлтэд 50-иас дээш насны эрэгтэйчүүдээс Орхон аймгийн тамирчин С.Ганбаатар, С.Энхтайван, Булган аймгийн Булган сумын 3-р багийн тамирчин П.Энхтүвшин, эмэгтэйчүүдээс Булган аймгийн тамирчин А.Цогзолмаа, Улаанбаатар хотын 76-р цэцэрлэгийн тамирчин О.Уранчимэг, Булган аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тамирчин И.Сарангэрэл нар эхний гурван байр эзэллээ.

Энэ жилийн марафон гүйлтэд Олон улсын хэмжээний мастер Д.Бадамхатан, Д.Гантулга, Б.Мөнхзаяа, Ж.Шинэцэцэг, Г.Хишигсайхан, улсын 24 удаагийн аварга спортын мастер Г.Одхүү нар ирж өрсөлдсөн байна.

Гүйлтийн 5000 метрийн зайд хамгийн бяцхан тамирчин 7 настай М.Онцгойбаяр хүү уралдаж амжилттай барианд оржээ.

Холбоотой мэдээ