Хөвсгөл нуурын эрэгт “Эрчим-2” ахмадын амралт сувилал нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-07 14:37:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын харьяа “Эрчим-2” ахмадын амралт сувилал нээлтээ хийв. Тус амралт 2 давхар, нэг ээлжиндээ 75-80 амрагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд Хөвсгөл нуурын баруун эрэгт цэвэр агаартай байгалийн үзэсгэлэн цогцолсон газар ахмад настнуудад зориулсан эмчилгээ, сувилгаа, бариа засал хосолсон үйлчилгээг хүргэх юм. 

“Эрчим-2” амралтыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн санаачилга дэмжлэгээр улсын төсвөөс 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан бол орон нутгийн төсвөөс 125 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр тохижуулжээ. “Эрчим-2” амралт ахмадуудыг 10 хоногоор хүлээн авч ахмад настны биед тохирсон мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, бүх төрлийн хүнсний ногоогоор амт чанар сайтай эрүүлжүүлэх, витаминжуулах хоол хүнсээр өдөрт зургаан удаа буюу 2 цаг тутам үйлчилнэ. Мөн ардын уламжлалт эмчилгээ сувилгаа, гимнастик, бумба, зөгийн балтай татлага, тосон бариа, цахилгаан массаж эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж алжаал тайлах үйлчилгээтэй хослуулан ахмад настнуудад ая тухтай орчныг бүрдүүлжээ.

Амралт сувиллын нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга Л.Ганболд, аймгийн ХХҮГ-ын дарга Б.Эрдэнэхуяг, аймгийн Ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар, ахмадын Асрамж үйлчилгээний газрын дарга Ц.Баярсайхан болон нутгийн иргэд, амрагчид оролцлоо.


 

 

 

Холбоотой мэдээ